Б.Наранхүү: Эцэг хүн хүүхдээ хоолтой хонуулах үүрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Наранхүү
2016.11.03

Б.Наранхүү: Эцэг хүн хүүхдээ хоолтой хонуулах үүрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү

"АТГ-ынхан байгаа дээр нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Авлигыг ажиглаад байхад хоёр төрөл байх шиг. Нэг нь шуналдаа хөтлөгдөж авлига авдаг. Нөгөө нь авдаг цалин нь амьдралд нь хүрдэггүй учраас авлига аваад байх шиг ажиглагддаг.

Жишээлбэл, цагдаагийн албан хаагч байна. Ойролцоогоор 600 мянган төгрөгийн цалин авдаг. Эхнэр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр нь бага хүүхдээ хараад гэртээ байдаг. Цагдаагийн албан хаагчийн авдаг 600 мянган төгрөгийн 300 мянга нь өр зээлээ өгдөг. Үлдсэн 300 мянган төгрөгөөр амьдралаа залгуулах болдог. Яаж ч бодсон 4 ам бүлтэй айл нэг сард 300 мянган төгрөгөөр амьдарна гэдэг хэцүү.

Тиймээс авлигын асуудал ярьж байгаагийн хажуугаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдэх талаар ямар бодлого баримтлах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.

Эцэг хүн үр хүүхдээ хоолтой хонуулах үүрэгтэй. Гэтэл 3 хүүхэд нь хоолгүй хонох болчихоод байхад авлигын асуудал тэдэнтэй холбогдох уу, үгүй юу? 3 хүүхдээ хоолтой хонуулах уу, үгүй юу? гэдэг бол өдөр тутамд тулгардаг асуудал шүү дээ.

Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд анхаарал хандуулаач гэж хэлэхийг хүслээ."