Ж.Энхбаяр: Монгол Улс багадаа 10-20 жилд авлигатай тууштай тэмцэх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
"Шинэ УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр баталж байна гэдэг нь Монгол Улсын парламент авлигын эсрэг төрийн бодлогыг гаргаж байна гэсэн үг. Энэ бол сайн дохио. Авлигын эсрэг парламенчдын дэлхийн байгууллагад дэлхийн бүх парламентын засаглал бүхий улс орнууд парламент дотроо авлигын эсрэг үндэсний бүлэг байгуулдаг.
Гол зорилго нь авлигын тухай нийгмийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, авлигатай тэмцэх байгууллагад улс төрийн бүх талын дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх юм.
2008-2012, 2012-2016 оны УИХ-д Авлигатай тэмцэх парламентчдын үндэсний салбар байгуулж ажилласан. Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж чадсан. Хөрөнгө, орлогын мэдүүлэг, төрийн албан хаагчийн ашиг, сонирхлын зөрчлийн талаарх нээлттэй сонсголыг анх удаа эхлүүлсэн. Авлигатай тэмцэх байгууллага бол боловсон хүчин, хөрөнгө нөөц, материаллаг бааз суурийн хувьд бэхжсэн. Энэ ажлыг хангалттай гэж үзээд зогсоох болоогүй.
Монгол Улс багаар бодоход ойрын 10-20 жил авлигатай тууштай тэмцэж байж нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийг хохирол багатай даван туулж чадна. Энэ ажилд АТГ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа нийгэмд байгалийн шударга бус хуваарилалт, түүнийг тойрсон бухимдал байгаа цагт авлигатай тэмцэх байгууллагыг улс төрчид улс төрийн хүсэл зоригоор бүрэн дэмжиж ажиллах ёстой.
Авлигатай тэмцэх үндэсний салбар зөвлөлийг 11 дүгээр сарын дундуур албан ёсоор зарлана. Энэ ажилд УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролцохыг хүсье. Энэ бол парламентын засаглалтай бүх улс нэгдэн ордог, олон улсын нэр нөлөө бүхий тогтмол үйл ажиллагаатай байгууллага юм."