Б.Наранхүү:Эдийн засгаар тоглож болохгүй
УИХ-ын гишүүн Б.Наранхүү
2017.01.31

Б.Наранхүү:Эдийн засгаар тоглож болохгүй

-Амьдралд итгэлцэл, нөхөрлөл гэж гоё зүйл бий. Хөрш хоёр улстайгаа хамтын сайхан эв найрамдлын харилцааг хөгжүүлэх боломж байна. Хоёр нам ч гэсэн нийлээд монголын төлөө зүтгэх болохгүй гэж үү- 

УИХ-ын хамгийн дуугүй гишүүн эсвэл хамгийн хэнэггүй гишүүн ч гэж хэлж болох Батсүхийн Наранхүүтэй хэдэн хором хуучиллаа.

-Ардчилсан намын шинэ дарга нийт гишүүдээсээ сонгогдлоо. Сонгуулийн дүнтэй санал нийлж байна уу?

Бүх юм тохирсон ёсоороо нийт гишүүд дундаас сонгогдоно гэсэн. Ардчилсан намын даргад таван хүн өрсөлдсөн. Нэг нь ялсан. Энэ хүнд намын даргын ажлаа сайн хийх л үлдлээ. Цаашид хариуцлагатай олон сонгууль бий. Хойшид хэлсэндээ хүрч, жинхэнэ эр хүн шүү гэдгээ харуулах л үлдлээ.

-Ардчилсан намын даргын сунгааг З.Энхболд хөшигний цаанаас удирдсан гэх хардлага нийтийн дунд байна. Тэгэхээр “С.Эрдэнэ намын дарга болсон ч өнөөх л Ардчилсан нам хэвээрээ байна” гэж мөрий тавих нь холгүй байгаа хүмүүст та юу гэж хэлэх вэ?

Биш ээ, бид бүх юмыг хэн нэгэнтэй хольж хутгаж ойлгох гээд байдаг болж. С.Эрдэнэ гэдэг чинь тусдаа нэг хүн. З.Энхболд дарга С.Эрдэнэтэй зөвлөж ярих нь намын асуудал. Тийм учраас С.Эрдэнэ З.Энхболдоор удирдуулаад явна гэдэг ойлголтоос монголчууд салах хэрэгтэй. Нэгэнт С.Эрдэнэ намын дарга болсон бол хариуцлагаа үүрнэ. Тийм учраас ажлаа хийнэ. Ухаантай хүмүүсийн зөвлөгөөг авах ёстой. Хамгийн гол нь монголчуудын амьдралыг сайжруулах хэрэгтэй.

-Та хувьдаа Ардчилсан намыг яаж шинэчлэгдэх ёстой гэж бодож байна вэ?

Шинэчлэгдэнэ, шинэчилнэ гээд байх юм. Шинэчилнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Ардчилсан намынхан байдгаараа байж л байна. Тэгэхээр зорилт, зорилгоо тодорхой болгох ёстой. Би бол маш тодорхой зүйл хүсдэг.

Жишээ нь: Яаж монголчуудыг дунджаар 2000 ам.долларын цалин авдаг болгох вэ гэдэг нь гол асуудал. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Энэ бол цоо шинэ шинэчлэл. Бусдаар бол дүрэм журам өөрчлөөд, хэн нэгэн дарга цэргийг нь солих нь шинэчлэл биш. Энэ бол зүгээр л сэлгээ, байраа сольсон асуудал.

-Таны ажлын цаашдын төлөвлөгөөг сонсож болох уу. Тухайлбал Ардчилсан намынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө юу хийхээр төлөвлөж байна вэ?

Одоо бүгд энэ намд байгаагүй юм шиг “бүх зүйлийг шинэчилнэ, өөрчилнө” гээд байна. Энэ нь нүүдэлчин хүний соёл байх гэж би хараад байгаа юм. Тиймээс суурин иргэншилтэй, парламентын засаглалтай болчихсон өнөө үед жоохон юмыг тогтож харах нь зөв болов уу. Айл гэр амьдралаа сайжруулна гээд авгайгаа сольдоггүй. Түүнтэй адил яаж зөв амьдрах ёстойг бүгдээрээ хоорондоо ярилцах ёстой.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй болохоор ганц, хоёрхон хүн бүлгээс гарахад задрах аюултай. Өмнө нь таныг МАН-д элсэнэ гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Ер нь та намаа солих уу?

Таамаглал дунд амьдармаагүй байна. Бүх юм нь таамаглал, хардалт, хөл толгойгүй болчихсон. Цэгцтэй амьдарч сурмаар байна. Аливаа зүйлийг эрүүлээр харж, хүнд итгэж сурах хэрэгтэй. Би нэг удаа бүлгийн хурал дээр хэлж байсан. “Одоо төрийн бодлогыг тодорхойлохдоо найз нөхөд, өөрийн болоод хүний намаас айдаг байдлаа болих хэрэгтэй.

Тэр байтугай хойд, урд хоёр хөршөөсөө айдаг ийм хүмүүс төрийн бодлого тодорхойлно гэж байх уу” гэж. Амьдралд итгэлцэл, нөхөрлөл гэж гоё зүйл бий. Хөрш хоёр улстайгаа хамтын сайхан эв найрамдлын харилцааг хөгжүүлэх боломж байна. Хоёр нам ч гэсэн нийлээд монголын төлөө зүтгэх болохгүй гэж үү.

-Тэгэхээр та намаа солихгүй гэсэн үг үү?

Ийм л юм яриад байх юм. Гэхдээ хүмүүс юу бодож тэгж яриад байгааг ойлгохгүй байна.

-Та хурал, чуулганыг хамгийн их тасалдаг гишүүн. Яагаад тэр вэ?

Намайг хуралд суудаггүй гээд байдаг юм. Хуралдаа сууж байсан ч зарим үед суугаагүй гэж хардаг болчихсон юм шиг байгаа юм.Би юмыг шүүмжлэх дургүй. Гэхдээ УИХ-ыг ажиглаад байхад шүүх, цагдаагийн байгууллага болон хувирч байна. Яагаад гэвэл одоо бүр компанийн асуудал руу орсон. Нэг л их хэрэг шүүх гэсэн хүмүүс, “энэ хулгайч тэр хулгайч” гэж ярих юм.

Ингэснээр Монголд үнэ цэнэтэй зүйл үлдэхгүй нь. Монголыг олон жил хүчирхэг байлгахгүй гэсэн гадаад бодлогын улбаа юм уу гэж хараад байгаа юм. Эр хүн эхнэрээ магтвал нэг тэнэг, хүлэг морио магтвал бас нэг тэнэг, өөрийгөө магтвал адгийн тэнэг гэж ярьдаг. Гэтэл үнэ цэнэтэй үр хүүхдийг нь гаргаж өгсөн эхнэрээ яагаад магтаж болохгүй гэж. Монголд үнэтэй юм байхгүй шахуу болгож тархи угааж байна.

Бас өртэй хүн өөдөлдөггүй гээд эдийн засаггүй болгочихож байгаа юм. Гэтэл АНУ дэлхийд хамгийн их өр зээлтэй ч болоод л байна шүү дээ. Бид сэтгэлгээний тоглолт хийдэг, популизм хийдэг хүмүүсээс салах хэрэгтэй. Улс орон 20-30 тэрбумаар зээл аваад, бүтээн байгуулалт хийж өөрчлөгдөх шаардлагатай байна шүү дээ. Бие биенийхээ сайн сайхныг хармаар байна. Энэ парламентад 76 хулгайч суучихсан юм шиг, сүүлдээ бүр түүндээ итгээд ч байх шиг.

Хэрүүл хийж, хүн муулаад сайжирдаг байсан бол өдийд сайн сайхан болчих байсан. Энэ парламентад асар их хэрүүл хийдэг гишүүн байна. Тэр байтугай 20 гаруй жил хэрүүл хийсэн гишүүн байна. Тэглээ гээд утаа алга болохгүй, амьдрал сайжрахгүй байгаа биз дээ. Тиймээс хэрэлдэх цагаа багасгаад, улс орны амьдралыг сайжруулах тал дээр хэлэлцэж шийдэхэд илүүтэй цаг гаргасан нь дээр.

-Тийм болохоор та чуулган дээр суусан үедээ юм ярьдаггүй юм уу?

Би тодорхой сууриар нь хэлдэг. Ядаж Засгийн газар хэлсэндээ хүрч,тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Засгийн газар хэлсэндээ хүрэхгүй байхад Монголын компанид хэн итгэх вэ. Гаднаас хөрөнгө оруулж байгаа компаниуд хамгийн түрүүнд Засгийн газрын баталгааг хүсдэг.

Гэтэл Засгийн газар нь хувирч өөрчлөгдөөд байхаар олон зуун тэрбум ам.доллар алдаж байгаатай адил. Гэрээ хийгээд, хэлсэндээ хүрдэг байх нь бизнесийн салбарын амин чухал судас. Монголын Засгийн газар болчихсон юмыг болоогүй юм шиг, болоогүй юмыг болчихсон юм шиг учир утга нь олдохгүй болгож байна. Ийм байдал Монголыг сүйрүүлээд байгаа юм.

Хэн билээ дээ нэг ухаантай хүн хэлсэн гэсэн шдээ. Бидний үеийнхэн үхэж байж гайгүй үе ирэх юм гэж. Аль болох хурдан нэг өдрийн өмнө ч гэсэн гоё сайхан цаг ирээсэй гэж хүсэж байна.

-Яг одоо парламентаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудал, Хөгжлийн банкны шалгалтын талаар ярьж байна. Энэ дотор таны хэлээд байгаа шиг болчихсон юмыг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон гэж харагдуулах гэсэн зорилго байгаа болов уу?

Асуудлыг шалгадаг хууль хяналтын байгууллага бий. Тэд нараар ажлыг нь хийлгэ. УИХ-ын нэг гишүүн хэдэн хуудас цаас барьчихаад тэгсэн ингэсэн гээд байлгүй урагш алхах хэрэгтэй. Өнөөдөр яг үнэндээ хувийн хэвшил энэ салбарыг авч явна. Тиймээс бизнес ойлгодоггүй, бизнесийн хүнд ачааг мэдрээгүй хүн хувийн салбарыг хэрүүл уруулдаа оролцуулах дэмий.

Би бол бизнесийн байгууллага хүнд ачааг үүрдэг гэдгий, хэн хүнээс илүү бизнес эрхлэгчид нойр хоолгүй зүтгэдэг гэдгийг мэднэ. Тэднийг дэмжиж байж улс орон хүчирхэг болно. Одоо “Эрдэнэт”-ийн 49 хувь гэх мэт онигоо шиг юм ярихаа болих хэрэгтэй. Үнэхээр өмнөөс нь ичиж үхмээр зүйл яриад байгаа юм. Болж байгаа зүйлийг тэр хэвээр нь орхи. Болж байгаа зүйл дээр очиж, улстөр хийж, өөрийнхөө рейтингийг өсгөнө гэж боддог хүмүүс больчих хэрэгтэй.

-Магадгүй “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар ярьж байгаад “оноо авч” Ерөнхийлөгч болох гэсэн зорилготой улстөрчид байж мэдэх юм гэсэн яриа байсан.

Мэдэхгүй. Би улстөрийн нарийн ач холбогдол талаас нь хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь эдийн засагсайн байх нь чухал. Улстөржих яахав, цөөн хэдэн хүмүүст хүртээлтэй байх. Эдийн засгаар тоглож болохгүй. Эдийн засаг муудаж байгаа нь элсэн цөлд явж байгаад уух усгүй болсонтой ижил чухал асуудал. Тиймээс бид хэрэлдэж байгаад усаа асгаж болохгүй. Хамгийн гол нь усаа гамнах, илүү устай болох тал дээр анхаарах хэрэгтэй.

-Та ойрын үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд насны хязгаар тавьсанд эмзэглэж явдаг. 60 нас бол дээр үед өндөр нас байсан. Одоо бол маш залуухан нас болчихлоо. Цэцийн гишүүдийг насаар хязгаарлах нь таалагдахгүй байгаа юм. Энэ талаар бодсон юм байна. Өнөөдөр дэлхийг тэтгэврийнхэн удирдаж байна гэдэг. Доналд Трампыг хар л даа, 70 хүрчихээд дэлхийг удирдаж байна шүү дээ.

Гэтэл 60 настай монгол хүнийг монголчууд өөрсдөө хавчин гадуурхаад байгаа нь буруу шийдвэр. Аливаа хүн 60 наслахад бодол санаа нь цэгцрээд, амьдралын олон зүйлээс татгалзах хэмжээнд хүрчихсэн, аливаа зүйлийг эрүүлээр харах чадвартай болсон байдаг. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг насны хязгааргүй болгох хуулийн төсөл өргөн барина.

-Таниас хувийн чанартай нэг асуулт асуумаар байна. Төрсөн эгчтэйгээ нэг танхимд суух ямар байна вэ. Та хоёр намын бодлогоос болж хоорондоо ам мурийх тохиолдол гардаг уу?

Бид чинь адилхан хүмүүс шүү дээ. Би энэ асуудалд тодорхой хариу хэлсэн. Ах дүү хоёр дундаа нэг авгай авдаггүй биз дээ. Эхнэр авах, намд элсэх гэдэг бол хувь хүний сонголт юм. Миний хүүхэд ирээдүйд ямар нам сонгох, миний дүү ямар намд харьяалагдах нь хувь хүний эрхийн асуудал. Тиймээс энэ бол байдаг л зүйл.