Тэтгэврийн шинэчлэлээр даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авна
Зургийн эх сурвалж: Unread.today
2023.07.10

Тэтгэврийн шинэчлэлээр даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авна

Манай улсад 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж, 1995 оноос хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад ХУВААРИЛАЛТЫН зарчим дээр суурилсан, төрийн нийгмийн даатгалын эрх зүйн орчин бүрдэж, өнөөдрийг хүртэл иргэдийн нийгмийн баталгааг хангаж ирсэн бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд дээрх хуульд 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. 

Уг нь Нийгмийн даатгалын багц хуулийн гол концевц нь иргэдийн ажиллах, хөдөлмөрлөх сонирхолыг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хүн үр шимийг нь хүртдэг байхад оршино. Гэвч  өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалд ажил олгогчийн төлдөг 8.5%, ажилтны төлдөг 8.5% -ийн даатгалаас иргэд үр өгөөжөө бага хүртэж, ажил олгогч, ажилтан нь ч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийж  ирсэн нь нууц биш.

Энэхүү нийгмийн даатгалын системийн тогтолцоонд өөрчлөлт хийхээр Монгол Улсын Засгийн газраас бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай зэрэг 5 хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны нэгдүгээр сарын есны өдөр өргөн барьж, УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэн, шинэчлэн найруулж баталлаа.

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга, ажлын хэсгийн ахлагч П.Анужин:

Нийгмийн даатгалын багц хууль 28 жилийн дараа энэхүү хууль иж бүрнээрээ УИХ-аар хэлэлцэгдэж, Монгол Улс хувиарлалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндэс тавигдлаа.

  • Тэтгэвэрийн шударга тогтолцоо бий болж төлсөн хирээрээ үр шимээ хүртдэг эрүүл тогтолцооны суурь тавигдлаа.
  • Удаан жил тогтвортой ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн иргэд илүү тэтгэвэр авдаг, ажиллаж байсан тухайн үеийнхээ цалингийн үнэ цэнэтэй дүйцүүлэн бодсон тэтгэвэр авах боломжтой боллоо.
  • Тэтгэвэрийн бодлого улс төрөөс ангид байж, үнийн өсөлт, инфляцтай уялдуулан тэтгэвэрийг жил бүр нэмэгдүүлэх том өөрчлөлтийг энэхүү хуулиар зохицуулж өглөө.
  • Иргэн бүр нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болж ирээдүйд ипотек, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах эрх зүйн шинэчлэл хийгдлээ.

Монгол Улсын ажиллах хүчний 82.2 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 748.9 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгодог юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬД:

  • Тэтгэврийн даатгалын тогтолцоог ХУВААРИЛАЛТААСХАГАС ХУРИМТЛАЛЫН тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ, 
  • Хуримтлал үүсгэх, тэтгэврийн даатгалын нэрийн дансны хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, 
  • Мөнгөжүүлсэн орлогоос зохих хувийг өвлүүлэх, 
  • Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, 
  • Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, 
  • Зарим салбарын хуулиар шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулж байгааг хязгаарлаж зөвхөн нийгмийн даатгалын хуулийн хүрээнд зохицуулах, нийгмийн даатгалын байгууллагын засаглалыг сайжруулах, 
  • Нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэмж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг томоохон өөрчлөлтийг орууллаа. Харин тэтгэврийн насны хувьд өөрчлөлт ороогүй юм.

Нийгмийн даатгалын ХУВААРИЛАЛТЫН тогтолцоо нь даатгуулагчдын бүрдүүлсэн шимтгэлийн орлогыг тэтгэвэр,  тэтгэмжид  зарцуулдаг ЭВ САНААНЫ ЗАРЧИМД ТУЛГУУРЛАСАН бөгөөд иргэдийг өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирох, ажилгүй болох, тэжээгчээ алдах тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зорилго бүхий 5 сангаас бүрддэг.

Үүний сайн тал нь бүх хүний нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд хангахыг зорьдог, сул тал нь тухайн даатгуулагч насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг бага хүртдэг. 

2025 оноос эхлэн манай улсын нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2022 оны хувьд 3 байсан бол 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болж нэмэгдэхээр байгаа .

Харин ХАГАС ХУРИМТЛАЛЫН тогтолцоо нь тухайн даатгуулагч даатгалын санд ямар хэмжээний хувь нэмэр оруулсан түүнтэйгээ дүйцэх тэтгэвэр авна гэсэн загвар юм.

Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ 

Иргэд, даатгуулагч, ахмадуудаас хамгийн их санал, хүсэлт ирүүлдэг тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг тогтмол бус тухайлбал, сонгуулийн өмнө нэмдэг биш жил бүр инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох дараалсан 7 жилийн цалинг 5 жил болгох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг  маш чухал зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгалаа. 

Хуулийн хэлэлцүүлгийг 10 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 4000 орчим иргэд оролцож, 400 хүний, 800 орчим санал ирсэн. Түүнчлэн D.Parliament.mn 700 гаруй иргэд санал, хүсэлт ирүүлжээ. Нийт санал, хүсэлтийн 60 гаруй хувийг тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох дараалсан 7 жилийн цалинг 5 жил болгох, хамтын тэтгэврийг хэрэгжүүлэх, тэтгэврийн хүнд нөхцөлийг хэвээр үлдээх зэрэг асуудлууд эзэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Хуулийн шинэчлэлийн бас нэг гол зорилт бол шударга, ижил тэгш байхад чиглэгдсэн. Бид энэ хуулиараа Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн нийгмийн даатгалын хуулиар тэтгэвэрт гардаг байх зарчмыг мөрдүүлнэ. Гэтэл өнөөдөр манай улсад 10 гаруй хуулиар тэтгэвэр тогтоолгож байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүн 60 хувиар тэтгэврээ тогтоолгож байхад бусад хүн 45 хувиар бодуулдаг. Цэцийн гишүүнээр нэг сар ажилласан ч хамаагүй 60 хувиар тогтоолгодог хууль үйлчилсээр ирсэн. Энэ бол шударга бус явдал, үүнийг цэгцэлнэ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж, хуримтлалын нэгдсэн сан байгуулж, иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн нь цаг үеэ олжээ. Байгалийн баялгаас олох орлогыг нэрийн дансанд оруулна гэдэг нь маш зөв санаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа энэ үед бодит, найдвартай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах асуудал орж ирсэн байна. 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлогод шимтгэл ногдуулахгүй 

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, ажил олгогчид нэмэлт санхүүгийн дарамт үүсгэхгүй байх  зэрэгт анхаарч ажиллаж байна. Мөн даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо ЗӨВХӨН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ОЛСОН ЦАЛИН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ХАМААРУУЛАХААР ТУСГАСАН. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, нөгөө талаас ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлогод шимтгэл ногдуулахгүй. 

Ажил олгогчийг дэмжсэн зохицуулалтад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааруулан ялгаатай төлдөг байх, ажилтнаа тогтвортой ажиллуулсан ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахимаар авдаг болох, ажил олгогчийн эрх, үүрэг тодорхой болох зэрэг зохицуулалт тусгагдсан юм. 

Нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын  8 орчим хувь буюу  19,0 мянган малчин сайн дурын хэлбэрээр даатгуулжээ.

Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, шимтгэл төлөлтийг идэвхжүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс 5 жилийн хугацаанд хариуцан төлөхөөр тусгасан бөгөөд тэтгэвэр тогтоолгох нас өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтын дагуу эрэгтэй 55, эмэгтэй 50 нас хэвээр хадгалагдана.  Мөн нийгмийн даатгалын бүх үйлчилгээг бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд иргэд хаана байгаагаас үл хамааран цахимаар сайн дураар даатгуулах гэрээ байгуулан нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн.

Манай улс ОХУ, БНСУ, БНУУ, БНПУ,  БНТУ, БНЧУ гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрээр байгуулан хамтран ажиллаж байна. Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэвэр болон бусад богино хугацааны тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, хоёр улсын хооронд тэтгэврийн хуримтлал, төлбөрийг харилцан шилжүүлэх боломж бүрдэх бөгөөд иргэдийн ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах ач холбогдолтой юм. 

Нийгмийн даатгалын албан журмын даатгалд 55.4 мянган ажил олгогчийн 1,139.0 мянган даатгуулагч, сайн дурын даатгалд 164.5 мянган даатгуулагч хамрагдан, сангаас 761.2 мянган даатгуулагчид 3.4 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал зэрэг 34 үйлчилгээг нийгмийн даатгалын шат шатны байгууллагууд хүргэж, 24 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. 

Тэтгэвэр өвлөгдөх хууль эрх зүйн орчин бүрдэнэ 

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслөөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажил олгогчтойгоо хамтраад хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах, ажилтны төлж буй шимтгэлийн тодорхой хувийг ажил олгогч хариуцан төлөх,  тэтгэврийн хуримтлал үүсгэх, уг хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан.  

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Монгол Улсын Их Хурлын гишүүн Энэ хуулийн онцлог нь иргэдийн нийгмийн даатгалд төлдөг 17 хувийн 2% нь хуримтлалд шилжсэнээрээ хуримтлал суурьтай болох буюу хагас хуримтлалд шилжих юм. Ингэснээр тэтгэвэр өвлөгддөг байх нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр банкнууд тэтгэврийн санг төрийн бус байгууллагын статустайгаар байгуулаад,  эхнээсээ иргэд тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах нь ойлгомжгүй байсан бол энэ хууль орж ирснээрээ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдлээ.

Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын хэлбэрээр хамрагдах бөгөөд хамгийн багадаа арван жил нэмэлт шимтгэл төлнө. Энэ хугацаанд тухайн иргэнд зайлшгүй хэрэгцээ гарах тохиолдолд хуримтлуулсан мөнгөний 30 хүртэлх хувийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийн урьдчилгаанд зарцуулж болохоор төсөлд тусгасан.

Мөн төлж буй ШИМТГЭЛИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ асуудлыг тусгасан нь маш том дэмжлэг боллоо. Түүнчлэн тэтгэврийн хуримтлагдсан хөрөнгийг хаана хөрөнгө оруулалт хийж болох, хаана хийж болохгүйг тусгасан, хөрөнгө оруулалтын процесс, зохицуулалтыг хуульчилсан. Хувийн тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх тэтгэврийн сан болон урт хугацааны даатгалын үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянаж, холбогдох журам, дүрмийг баталж мөрдүүлэх юм. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн даатгалын асуудлыг зохицуулсан. Өмнөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсаас даахаар болсонд талархаж байна.

Нийгмийн даатгалын багц хууль батлагдсанаар, Монгол Улсад тэтгэвэрт гарах нас,  нийгмийн даатгалын сантай холбоотой харилцааг зөвхөн шинэ хуулиар зохицуулдаг болно. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар дараалсан таван жилийг буруугаар ашигладаг, хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгодог, бусад хуулиар зарим ажил мэргэжлийн хүмүүс эрт тэтгэвэрт гардаг… зэрэг  боломжтой хүмүүст илүү их боломж олгосон, шударга бус хуулийн цоорхой байсныг, хязгаарлах зохицуулалтыг хуульд орууллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn