2022.08.23
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувь бууруулснаар 68000 иргэн хөнгөлөлтөд хамрагдав
Манай улс 2017 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан.
Үүний дагуу 2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2 хувиар өсгөхөөр хуульчилсан байна. Гэвч дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс болж олон мянган ААН-үүд үүдээ хааж, даатгал, татварын өрөнд орж, нийгмийн даатгалын өсөлт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахыг санаачилж, батлуулсан юм.
Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулсан. Өмнө нь ажил олгогч 12.7, даатгуулагч 12.5 хувиар төлдөг байсныг болиулж, ажил олгогч 11.7 хувь, харин даатгуулагч 11.5 хувиар төлдөг болсон. Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багассан юм. Цаашлаад аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, иргэдийн хувьд ажилтай орлоготой байх боломж бүрдсэн билээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ