2023.01.12
Б.Жаргалмаа: Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Энэ хуулийг нийгмээрээ хүлээж буй. 3 хөдөлмөр эрхэлж байгаа хүний төлсөн нийгмийн даатгал, нэг хүний тэтгэвэрийг төлж байна гэсэн маш олон мэдээлэл иргэдэд бий. Нийгмийн даатгалын сан хөрөнгөгүй болсон байна ч гэх мэдээлэл байна. Хөдөлмөрлөсөн хөлснийхөө төлсөн нийгмийн даатгалын хэмжээгээр тэтгэвэрээ авдаг цаг хэзээ ирэх вэ гэдгийг олон нийт асууж байгаа.
Өнгөрсөн чуулганаар ахмад настны тухай хууль болон нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажилласан. Ингээд хөдөө орон нутагт иргэдтэй уулзаж байхад тэтгэвэрийн зөрүүгээ хэзээ арилгах вэ, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн тогтолцоогоо хэзээ засах вэ зэргээр маш олон асуудлыг тавьж байсан.
Тэтгэвэрийн шинэчлэл хийхээр хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирж байгаад баярлаж байна. Уржигдар байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэн. Хэд хэдэн асуудлыг ярьсан. Олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй чуулганы танхимд сууж байгаа учраас хэд, хэдэн зүйлийг дахин асууя.
Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн мөнгө хэчнээн хэмжээгээр тоологдож байна вэ? Өр ширнийхээ асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадсан уу. Цаашдаа хуульд өөрчлөлт орсноор нийгмийн даатгалын сангийн мөнгийн үржих, өсөх боломжийг бий болгож чадах уу?
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ? Эл хууль батлагдсанаар нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа зөв зохион байгуулалтад орж, бусад яамдуудтайгаа харилцан хамааралтай байгааг шийдвэрлэж чадах уу?
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд ихээхэн анхаарч ажиллаж буй. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх хөдөлмөр эрхлэх ямар ч боломгүй байдаг. Эдгээр эцэг, эхчүүдийг нийгмийн даатгалд хамруулах боломж хуулиар хэрхэн яаж зохицуулагдсан бэ?
Нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуулийн төсөл байгаа. Үүн дээр нэг зүйл заалт бий. 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд тэтгэмж олгодог. Уг нь Монгол улсын үндсэн хуулиараа 0-18 хүртэлх насны хүнийг хүүхэд гэж нэрлэдэг. Гэтэл энэ хуулиар 16 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхэд тэтгэмж олгочихоод, 18 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд тэтгэмж олгохгүй байна. Үүнийг энэ шинэчилсэн найруулгаар засаж чадсан уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хариуллаа.