Нийгмийн даатгалын хуульд ямар өөрчлөлт орох вэ
Нийгмийн даатгалын тухай хууль
2014.11.28

Нийгмийн даатгалын хуульд ямар өөрчлөлт орох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. 

Нийгмийн даатгалын тухай  хууль 1994 онд  батлагдснаас хойш 20 жил болж, энэ хугацаанд уг хуульд 10 шахам нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлтийн агуулга, зорилт нь юу байгаа тухай Ньюс агентлагын “Хууль төрөхийн өмнө” булангаар хүргэж байна.

 Эхний өөрчлөлт цаатан иргэдтэй холбоотой. Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалд хамрагдана гэсэн үгМонгол улсын үндэсний цөөнх болох цаатан иргэд нь амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардагаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг ч хуулийн төсөл санаачлах үндэслэл болж.

Хамгийн сүүлийн мэдээллээр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 583 цаатан иргэн оршин сууж байгаагаас 54,3 хувь буюу 317 нь цаа буга маллан тайгад амьдарч, бусад нь талд болон сумын төвд амьдарч байна. Тайгад амьдарч байгаа 317 цаатан иргэнээс 129 нь хүүхэд, 24 нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч, 164 хүн нь насанд хүрсэн цаатан иргэн байна. Эдгээр иргэний тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх хувиар тооцвол нэг иргэнд жилд 179,7 мянга, нийт 164 иргэнд 29,5 сая төгрөгийн зардал гарах тооцоотой байгаа аж.

Дараагийн өөрчлөлт нь даатгуулагч ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа, авч байсан цалинтайгаа уялдаатай тэтгэвэр  тогтоогдох зарчим, бодлого алдагдах сөрөг үр дагавар бий болж байгааг арилгах зорилготой.

Төсвийн тухай хуультай нийцэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй аж.

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Иргэний хуулийн дагуу ажил олгогч нь иргэнтэй байгуулсан гэрээгээр тохирсон цалин хөлс, орлогод шимтгэл ногдуулахгүй байх, мөн тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг зохицуулаагүй талаар шүүхийн хэд хэдэн удаагийн шийдвэр гарч, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд  маргаан үүсч байжээ.

Иймд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэхэд даатгуулагч, даатгагчийн хооронд саналын зөрүү бий болсныг доогийн мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэхэд  хүндрэлтэй байгаа учир хуулийн өөрчлөлт хийхээр болж.

Мөн төслөөр Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуультай зөрчилдөж буй, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зарим хөдөлмөрийн нөхцөл дутуу  байгааг гүйцээх зорилготой заалтууд ч багтсан байна.

Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олголтыг түдгэлзүүлэхээр зохицуулсан байдаг нь тухайн даатгуулагч үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажлаасаа чөлөөлөгдөх үед ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй гэсэн үг юм. Иймд хуулийн төсөлд даатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байхаар тусгасан байна.

Хэрвээ дээр дурдсан асуудлуудыг хуулиар нэг зохицуулахгүй бол нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн асуудлаар ажил олгогч болон  даатгалын байгууллагын хооронд маргаан, зөрчил, үл ойлголцол бий болохын зэрэгцээ тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс, орлогын дээд хэмжээг тогтоох харилцааг хуульчлаагүйгээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдал өсч, тэтгэврийн зөрүү бий болж, улмаар зарим иргэдийн тэтгэврийн хэмжээ шимтгэл төлсөн хугацаанаас төдийлөн хамааралгүйгээр үндэслэлгүйгээр нэмэгдэх, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, санхүүгийн тайлан гаргах, тайлагнах  хугацаа Төсвийн тухай хуультай нийцэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй аж.