Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмнэ
2017 оны 6 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаад нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зорилготой гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна.
Өмнөх хуулиас ялгаатай нь нийгмийн даатгалын тогтолцоо, төрөл, хэлбэр, хамрах хүрээг өргөжүүлсэнээс гадна эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулах юм. Эдгээрээс онцлон тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар хүргэе.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн цалингаас тус бүр 7 хувиар тооцож, шимтгэл авдаг. Тэгвэл 2017 оны 4 дүгээр сарын 14-нд батлагдсан хуулиар /2017 оны төсвийн тодотгол/ шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 2,5 хувиар нэмэгдүүлж 9,5 хувь болгожээ. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих энэ өөрчлөлтийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд ч тусгасан байна.
Ингэж тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувийг өсгөснөөр ажил олгогч аж ахуйн нэгжийн 2018 оны цалингийн сан 4,7 их наяд төгрөг, 2019 он 5,1 их наяд, 2020 он 5,4 их наяд төгрөгт хүрнэ гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар тооцоолжээ.
Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлснээр 2020 он гэхэд нийт ажил олгогчид 170,8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүснэ. Зөвхөн ажил олгогчид дарамт үүсээд зогсохгүй нийт даатгуулагчдад ч ирэх ачаалал нэмэгдэж, 2020 он гэхэд 166,6 тэрбум төгрөгийн шимтгэлийг нэмж төлөхөөр байна.
Ингэж цалингаасаа төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэх нь ажил олгогчид, даатгуулагчид ч тэр дарамт үүсгэх боловч нийгмийн даатгалын сангийн орлого 128,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, энэ хэмжээгээр улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд өгдөг татаас буурна гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна.