2012.10.10

Хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар гаргасан С.Эрдэнэ гишүүний горимын саналаар санал хураалт явуулж саналыг гишүүд зуун хувь дэмжлээ.

Үүний дараа  “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа учраас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох шаардлагатай болсон юм.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос санал болгосон 3 хүнийг даатгуулагчийн төлөөлөгчөөр, Ажил олгогчийн нэгдсэн холбооноос санал болгосон 3 хүнийг ажил олгогчийн төлөөлөгчөөр тус тус тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх  гишүүд гараагүй тул  уг тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.