2022.11.17
Ц.Туваан: Газрын дуудлага худалдааны үнэ хэд байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Монгол улсын Үндсэн хуулийн дараа орох улсын хөгжилтэй холбоотой том суурь хууль орж ирж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулга хийх аргумент, үндэслэлүүд тодорхой харагдахгүй байгаа юм. Үндэслэлүүдээ хэлж өгнө үү. Уг хуульд бэлчээрийн тухай асуудлыг тодорхой оруулж ирээгүй нь ямар учиртай вэ? Бэлчээр газар бол салшгүй холбоотой том асуудал. Шинэ парламент бүрдэхэд бэлчээрийнхээ тухай ярьдаг. Гэвч шийдэхгүй орхидог.
Малчин тариаланчид, хөдөө орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн үү? Хамгийг том эрх ашиг нь хөндөгдөх гэж буй хүмүүсийг оролцуулахгүйгээр хэлэлцүүлэг хийсэн нь гишүүдийн шүүмжлэлтэй таарч байна шүү дээ.
Төв аймгийн хувьд маш хүнд нөхцөлтэй байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг хүн амын төвлөрөл ирж, бүх газар нутаг Төв аймгийн газар нутгаар дайрдаг. Тойрсон сумдуудтай бүгдэнтэй нь хилийн маргаантай. Улаанбаатар хот Төв аймгийн Эрдэнэ сумын маргаан дээр иргэд, нутгийн удирдлагын буруу байхгүй. Байгаа юу байхгүй юу гэдгийг хариуцсан газрын дарга нь хэлээд өгөөрэй.
Нэгжийн тухай хуулиар чинь багийн дарга, сумын засаг дарга иргэдийн эрх мэдэл гэж байхгүй болсон. Засгийн газар дээр ямар ч эсрэг асуудал байсан шууд шийддэг. Энэ асуудал хуулиар яаж орж ирж байгаа вэ? Отор оруулсан газар, орсон газар аль аль нь дуусна. Жоохон бэлчээрийн газар нутагтаа хоёулаа хохирно. Энэ асуудлыг хэрхэх вэ? Иргэн Дорж гэдэг хүн байлаа гэхэд хадлангаа хаанаас хадах вэ. Хуулиар яаж орж ирж байгаа юм.
Мал аж ахуй газар тариалан нь хосолж хөгжих нь гарцаагүй болсон. Өвөлжөөнийхөө хөлд тариа, ногоон тэжээл тарих боломж энэ хуульд байгаа юу? Төвлөрлийг сааруулахтай холбоотой орон нутаг руу зорьж очиж буй залуучууд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд газрын дуудлага худалдаа суурь үнэ өндөр болсон. Газрын дуудлага худалдааны үнэ яг хэд байна вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.