2022.11.15

Г.Мөнхцэцэг: Бэлчээрийн газрыг ашиглах гэрээг хэнтэй байгуулахаар тусгасныг тодруулж өгнө үү

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Бэлчээр ашиглалтын тухай хуулийн хэдэн хувь нь газрын тухай хууль руу орсон бэ? Нийт газар нутгийн 70% нь бэлчээрийн, 0,6% нь отрых гэж тооцсон нь хэтэрхий бага байна. Бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах хэсэгт отрын нөөц, бэлчээрийг гэрээгээр ашиглана. Засгийн газрын баталсан бэлчээрийн газрын зохистой ашиглах, хамгаалах, нийтлэг журмаар зохицуулна гэж орсон байна. Энэ гэрээний агуулгыг тодорхой хэлж өгөөч. Нийт талбайгаар нь зохион байгуулах уу эсвэл хороо, бууцандаа буулгаж буй айлуудтай оторчид гэрээ байгуулах юм уу?

Говийн бүс нутаг ялангуяа тал хээрийн бүс нутагт жилийн 4 улиралд нүүдлийн байдалтай байдаг. Отрын нүүдэлтэй холбоотой олон маргаан гардаг нь жилээс жилд даамжирч байна.  Тиймээс газрын тухай багц хуульд отрын бүс нутгийг заасан байгаа учир зохицуулалтаа тодорхой болгох хэрэгтэй.

Газар тариалан хөдөө аж ахуй эрхлэгчдэд газрыг давуу эрхтэйгээр олгоно гээд заасан байгаа юм. Хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэд, хоршоо, холбоодыг хэрхэн хамруулах боломжууд байна вэ?