Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2016.04.28

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д  ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалж хөрөнгө босгох боломжийг газар эзэмшигчид олгосон. 

 

Харин газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “газар эзэмших эрх”-ийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд хуулийн дагуу “газар эзэмших эрх”-ийг барьцаалсан этгээдийн эрхийг хэрхэн хангах талаар хуульд тусгагдаагүй. Тиймээс барьцаалагчийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалтыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай гурван зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.  

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлээр барьцаалагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болсон бол уг гэрчилгээг барьцаалагч нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг давуу эрхтэйтэйгээр мөн хуулийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу эзэмших эрхтэй гэж заасан байна.  

Мөн барьцаалагч нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг зориулалтын дагуу эзэмших аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй бол давуу эрхээ тухайн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг болон  явуулах этгээдэд шилжүүлэх боломжийг мөн хуулийн төсөлд тусгажээ. Учир нь газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байж болох юм. 

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан яамдаас болон холбогдох төрийн бус байгууллагаас санал авч тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.