Б.Энхбаяр нарын гишүүдийн өргөн барьсан Газрын хуулийг нэмж өөрчлөх төслийг УИХ хэлэлцэхийг дэмжлээ
Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, А.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нарын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан руу хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн төслийг баталснаар нийтийн зориулалттай орон сууц өмчилж авсан монгол иргэдэд доорх газар болон орчны газрыг нь иргэд дунд нь, хязгаартайгаар эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ нь гадаадын иргэн болон БОАЖЯ-ны харьяаллын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй баригдсан хауст хамааралгүй. Иргэд нийтийн орон сууцныхаа доорх газрыг эзэмшсэнээр үл хөдлөх эд хөрөнгөө бодитоор баталгаажуулах бөгөөд газрыг эзэмшигч хувь компанид залилуулахаас сэргийлнэ. Түүнчлэн орчны газраа дундын өмчлөлдөө авснаар нийтийн эзэмшлийн зам талбайд нь хувь компаниуд дураараа барилга, байгууламж барьж эд хөрөнгийг нь үнэгүйдүүлэх, эрхийг нь зөрчихөөс сэргийлэх сайн талтай.
Ийм хуулийн төсөл санаачлахаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших үеэрээ ярьж байсан. Тэрээр хуулийн төслөө боловсруулж, Баянзүрх дүүргээс хамт сонгогдсон гишүүдийн хамтаар УИХ-д өргөн барьсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын сонгогчиддоо өгсөн амлалт биелэхэд нэг шат урагшилсан байна.