Богино хугацаанд Газрын тухай багц хуулийг яаран шинэчилж батлах нь зохимжгүй гэж үзлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны (2022.07.05)-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Гишүүдийн зүгээc УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаах гэж байгаа үед улс орны оршихуйн чухал асуудал болсон газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зохимжгүй гэдгийг тодотгосон. Гишүүдэд хуулийн төслүүд болон холбогдох мэдээллүүдтэй бүрэн танилцахад тодорхой хугацаа шаардлагатай гэв.
Мөн зуслангийн өмчлөлийн газраас эхлээд бэлчээр, төвлөрсөн суурьшил зэрэг бүхий л газрын харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөлд УИХ маш нухацтай, ажил хэрэгч хандах шаардлагатай тул D-PARLIAMENT дээр байршуулсан төслүүдийнхээ талаар иргэдийн саналыг авч, ирэх намрын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Ингээд горимын саналын дагуу газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгүүдийг хойшлуулъя гэдэг саналын томёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.