Газрын багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо
2021.12.07

Газрын багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо

“Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар боллоо. Энэ удаагийн хурлаар Газрын багц хуулийн төслүүдийг засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах газрын багц хууль 11 бүлэг 126 зүйлтэй болж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэг томьёог иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд Газрын тухай ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудал багтаж байгаа юм.

Энэ удаагийн Газрын багц хуулийн төслүүдийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаас ямар зохицуулалтуудаар шийдэгдэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой тусгаж өгөхөөр хэлэлцэж буй.


Хуралдааныг даргалагч Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусгахаас гадна газрын төлбөртэй холбоотой олон асуудлууд гардаг учраас үүнийг тодорхой цогц байдлаар зохицуулж өгөх, Засгийн газар, УИХ-аас баталж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөрийг ижил тэгш хэм хэмжээнд зохицуулах, ойлголтын зөрүүг арилгах, газрын төлбөртэй холбоотой өмнөх хэрэг маргаан, төлбөр тооцоог барагдуулах гэх мэт тодорхой зохицуулалтуудыг тусган ажиллах хэрэгтэй" гэдгийг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.