2022.07.01
Б.Энхбаяр: Хэрэг хялбаршуулсан журмыг хэрэглээд үр дүн гарч байна уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.01\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх дээр хохирогч хохирлоо барагдуулсан тохиолдолд хэрэг хялбаршуулсан журмыг хэрэглэе. Энэ бол зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах талаас тустай гэж байгаа уг өөрчлөлтийг дэмжиж байна. Нөгөө талд авилга албан тушаалын гэмт хэрэг дээр хэрэг хялбаршуулсан журмыг хэрэглэхгүй гээд эрүүгийн хуулийн процесс дээр яригдаад байдаг. Хэрэг хялбаршуулах журмыг албан тушаалын хэрэг дээр 2015, 2017 онуудад оруулж байхад хамгийн том авилгачныг барих гэж л энэ заалтыг оруулсан. Үүнийг бүр мөсөн хаахаар хэрэгтэн илрэхгүй юм биш үү. Энэ журмыг хэрэгжүүлснээс хойш үр дүнгээ өгч байгаа зүйл бий юу.
Гишүүд дуудаж ирүүлэхийг асуугаад байна. Үүнийг эрх зүйн үр дагавар үүсгэх гэж байгаа гэж тайлбарлалаа. Мөрдөгч дуудаад ирэхгүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ? Та нар их юм байхгүй гэнэ. Би байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл эрүүгийн хуулийн өөрчлөлт дээр оргон зайлах гэмт хэрэг гэж шинээр бичсэн байсан. Тэрэн дээр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчих юм бол оргон зайлах гэмт хэрэг гээд 1 жил хүртэлх хорих ял өгөхөөр бичсэн. Манай практикт оргон зайлах гэдгийг яаж хэрэгжүүлсэн гэвэл дуудсан цагт ирээгүй бол оргон зайлсан гэж үздэг байсан. Тэгэхээр энэ бол шууд хүнийг дарамтлах зүйл. Утсаа аваагүй бол дуудаад ирээгүй, оргон зайлсан гээд цагдан хорьдог. Ингэх гэж байгаа юм уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.