Хулгайн гэмт хэрэгт гүйцэтгэх ажил явуулах нь зүйтэй гэж үзжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.05.17/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд хулгайн гэмт хэрэгт гүйцэтгэх ажил явуулна гэж заасан хэр оновчтой хийгээд хэрэг илрүүлэлтэд ямар дэвшил гарах талаар тодруулсан юм.
Түүний асуултад ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наранбаатар ийнхүү хариуллаа.
Д.Наранбаатар: Хулгайн гэмт хэрэг нь нийт гарч буй гэмт хэргийн 40 гаруй хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд гардаг гэмт хэргийн дийлэнх нь хулгай байдаг. Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 11 мянга гаруй хулгайн гэмт хэргийг түдгэлзүүлсэн. Эдгээр хэргийн 6000 орчим нь эзэнгүй хэрэг.
Хулгайн гэмт хэрэгт гүйцэтгэх ажил нилээдгүй явагддаг. Хулгайн гэмт хэргийг лавшруулаад шалгахад хүн амины хэрэг хүртэл холбогддог. Мөн малчдын гол амьжиргааг залгуулдаг таван хошуу малыг хулгайлах гэмт хэрэг ч багагүй үйлдэгддэг. Тиймээс хулгайн гэмт хэрэгт гүйцэтгэх ажил явуулна гэж хуулийн төсөлд тусгасан.