Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
2017.05.18

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.18/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн23 дугаар  зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тухайлбал, төслийн 6.1 дүгээр зүйлийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.” гэсэн хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Мөн төслийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.

2.Яллагдагч  монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн.

Төслийн 13.5 дугаар зүйлд “Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй.”, төслийн         22.1 дүгээр зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Төслийн 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан. Ингэснээр дээрх хэсэг “3охион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/, 19 дүгээр бүлэг/Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.8/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах/, 20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/, 20.10/Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах/ дугаар зүйл, 29 дүгээр бүлэг/Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн өөрчлөгдөж байгаа юм.

Төслийн 34 дүгээр бүлэгт шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахтай холбоотой зүйл нэмж оруулах санал олонхийн дэмжлэг авлаа.

Ингэснээр шүүх хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн        шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол, прокурор    хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаахаар тусгасан бөгөөд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгахаар болж байна.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.