2022.06.16
Б.Энхбаяр: Энэ хуулийг буцаагаад 2002 оны хууль руу өөрчлөх гэж байгаа бодлого нь юу вэ
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Худал мэдээ тараах гэдэг нь нэг ба түүнээс хүнд гэсэн үг. Нэг хүнд ярихад л худал мэдээ тархаж байгаа юм. Тэгэхээр худлаа ярьдаг бүх хүн л ял эдлэх болчихоод байна. 3 саяуулаа шоронд орчих вий дээ. Ингэж хүний үзэл бодол, үг хэлийг бүр чангалах гэж байгаа санаа зорилго нь юу вэ. Хоёрдугаарт доромжлохыг миний хувьд дэмжихгүй байгаа. Ер нь Монголд нэр, хочгүй хүн гэж байхгүй. Монголчууд шооч ард түмэн. Энэ болгоныг яллах бодлого ямар учиртай вэ?
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шинжийг нь өөрчилж оруулж ирж байгаа. Ингэж өөрчлөхдөө 2002 оны буюу Нямдоржийн хар хуулийн заалтыг буцаагаад сэргээх гэж байгаа юм. Үүнийг болохгүй байна гээд 2015 онд ямар өөрчлөлт оруулсан гэхээр татвар төлөхөөс зайлсхийхэд тухайн татвар төлөхөөс зайлсхийж байгаа санаа зорилго их чухал. Зориуд санаатайгаар татвараас зайлсхийх зорилгоор идэвхитэй үйлдлийг л эрүүжүүлэхгүй бол татвараа хугацаандаа төлж чадаагүй бүх хүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэвэл юун чөлөөт эдийн засаг, баялаг бүтээх дэмжих болно.
2016 онд эрүүгийн хуулийн өөрчлөлт яригдаж байхад дэлхийн загвар хууль бичсэн Германы эрдэмтнээс яг энэ зүйл дээр манай улсад зөвлөмж өгч байсан. Өөрөөр хэлбэл танай 2002 оны эрүүгийн хууль чинь татвар төлөхөөс зайлсхийсэн бол гэж бичихээр хугацаандаа төлөөгүй бүх хүнийг санаатай, санаагүй эдийн засгийн хямралд орчихсон, ковид гарсан хил, гааль хаалттай энэ бүх үед давагдашгүй бүх хүчин зүйлийг оруулж эрүүжүүлэх гээд байна гэж хэлж байсан. Тийм учраас заавал зайлсхийх зорилгоор орлогоо нууж байгаа идэвхитэй үйлдлийг л эрүүжүүл гэж зөвлөмж өгсөн. Яг энэ зөвлөмжийн дагуу 2015, 2016, 2017 онд баталсан. Одоо буцаагаад 2002 оны хууль руу оруулж байна. Ямар учиртай энэ зүйлийг оруулж ирсэн бэ? Эцэст нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг дээр ийм өөрчлөлт оруулж байна. Хөрөнгө оруулалт нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох нь тогтоогдоогүй бол гэж. Тогтоохыг шүүх хийнэ. Тэгэхээр шүүхээс өмнө энийг хэн тогтоох гээд байгаа юм. Хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчсөн болох гээд байна.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.