УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Ц.Мөнхцэцэг гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.
"Хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь хүний эрхийн үүднээс дэмжих ёстой концепц юм. Тиймээс дэмжиж байна. Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн пактуудаар баталгааждаг.
Сэжигтнийг баривчлах үйл явц нь халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж байгаа зөрчил. Улс орнууд үүний эрх зүйн үндэслэлийг нарийн гаргаж өгдөг. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4, 31.5 дугаар зүйлд сэжигтнийг ямар тохиолдолд шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, ямар тохиолдолд зөвшөөрөлгүй баривчлах тухай үндэслэлийг заасан байгаа.
Манай судлаачдын үзэж байгаагаар хуулийн дээрх заалтууд субьектив байдлаар ашиглагдах, тухай шийдвэр гаргаж байгаа шүүх эрх мэдэлтний хандлага, хувийн үнэлэмжээс хамаардаг учраас энэ заалтыг илүү тодорхой болгож, баривчлах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах зөвлөмжийг удаа дараа өгч ирсэн.
Монгол Улсад ажиллаж байгаа Олон улсын хүний эрхийн байгууллага болон мэргэжилтнүүд хуулийн дээрх заалтад хүний эрхийн асуудал байгааг хөндөж ирсэн. Тиймээс эрүүгийн процессын хуульдаа ийм заалтуудаа сайжруулан оруулах нь зүйтэй.
ХЗДХ-ийн сайдын хэлсэн үгэнд сэжигтнийг баривчлах үйл ажиллагааны 90 орчим хувьд шүүхийн шийдвэргүй баривчилж, хүний эрхийг зөрчих, удаан хорьж цагдах процесс давтагдаж ирсэн. Шүүх хурал нь удаа дараа хойшилж сэжигтэн эрхээ хасуулсан байдлаар удаан цаг алддаг. Тиймээс хүний эрх хаана ч хамгаалагдах ёстой. Хэдий сэжигтэн, яллагдагч байсан ч үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах ёстой.
Тиймээс энэ хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжээд хүний эрхийг мөрдөн байцаах, хянан шалгах шатандаа хамгаалах гэсэн сайдын байр суурь их чухал байна. Сайд хүний эрхийн мэдрэмжтэй хуулиуд батална гэдгээ хэллээ.
Ардчилсан улсын хувьд бүх хууль тогтоомж, үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай.
МАН 2021 онд Монгол улсад үйлчилж буй бүх хуулиудад хүний эрхийн анализ хийж тодорхой хуулиудыг шинэчлэх зөвлөмж өгсөн. Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан нь сайшаалтай байна."