2022.06.17
Т.Энхтүвшин: Хохирогчдод учруулсан хор уршиг арилаагүй гомдол гаргасан тохиолдолд гэмт хэргийг хэрхэн дүгнэх вэ
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Эрүүгийн хуулийн өөрчлөлт орж ирж байна. 3.6.7 хэсэг дээр хохирлоо нөхөн төлөх, хор уршиг арилгасан тохиолдолд гэдэг үг их байна. Хохирлоо төлөөд, хор уршгийг арилгасан тохиолдолд ялаа бага эдлэх, хөнгөлөлт эдлэх зөндөө заалт байна. Хор уршиг гэдгийг юу гэж бодож байгаа вэ. Хор уршиг арилдаг юм уу? Амьдрал дээр хүн хохирлоо төлөөд, ялаа авдаг. Хор уршиг нь арилдаггүй үлддэг. Тиймээс та нар энэ хор уршгийг яаж тооцох вэ. Хохирогч миний хор уршиг арилаагүй гэсэн тохиолдолд үндсэндээ арилаагүйд тооцно. Өөрөөр хэлбэл хохирогчтой бүх асуудал хамааралтай болж байгаа юм. Хор уршиг гэдэг заалт байгаад байвал эцэс төгсгөлгүй наймааны хэрэгсэл болоод явах юм уу. Яаж мөнгөөр илэрхийлэх юм бэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.