Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ
Улсын Их хурлын гишүүн Б.Энхбаярын санаачилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы /2022.06.02/-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа.
УИХ-ын дэргэд Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, гишүүнээр нь УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар ажилласан юм. Хууль батлагдсантай холбогдуулан хууль санаачлагчид болон УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр хуулийн гол зүйл заалтын талаар мэдээлэл өглөө.
Б.Энхбаяр гишүүний хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд “Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаггүй болох” шаардлагатай гэдэгт өөрийн байр сууриа цаг ямагт хамгаалж ирсэн. Тэрээр хууль зөрчихгүйгээр, эрүүдэн шүүхгүйгээр, хонгилдохгүйгээр, барьцаалдаг, шантаажилдаг, хилс хэрэг тулгадаг хуулийн системгүй болгохыг гол зорилгоо болгон ажилладаг. Олон жил ярьж, санал дэвшүүлсээр ирсэн хуулийн төсөл нь ийнхүү батлагдлаа.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах, нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь шийдвэр буюу хэргийг мөрдөн байцаалт нь буцаах гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Энэхүү шийдвэрийн уршгаар маш олон хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэрэг замхруулж, хуулийнхан авилгачдад хонгил үүсгэдэг ийм механизм бүрдсэн байна гэж дүгнэн гишүүд хуулийн төслийг өргөн барьсан.
Б.Энхбаяр “Хуулийн төсөл батлагдсанаар аливаа хэргүүд гэм буруугүйн шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцахгүй. Ганцхан шатнаас буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцна. Энэ шатанд тухайн хэргийн талаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан, хэрэгтэн, ялагдагч, сэжигтэнд эрх, үүргийг нь танилцуулсан, эсэх өмгөөлөгчтэй хамт байцаасан уу, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан уу үгүй юу гэдгийг тусгайлан шалгадаг юм. Энэ үе шатанд хууль зөрчсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хангалттай нотлох баримт цугларчээ гэж үзвэл шүүх рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ” хэмээв.
- Хэдийгээр хэдхэн заалттай хууль боловч хэрэгжиж эхлэхээрээ хууль, шүүхийн байгууллагынхнаас арга ажиллагаагаа өөрчлөхийг шаардах чухал хууль бөгөөд эргэлтийн шинжтэй томоохон алхам болсон гэдгийг хууль санаачлагчид онцолж байлаа.
- Одоогийн нөхцөл байдал, тогтолцоогоор хэрэг маргааныг мөрдөн байцаалтад буцаадгаас болж хүн хэлмэгдүүлэх, эсвэл ял завшуулдаг байдал нэлээн гардаг. Хуулийн төсөл батлагдсанаар хүн хэлмэгдүүлэх явдал эрс багасах аж.
Шүүгч, прокурор, өмгөөлөгч, прокурорууд бүгд байр байрандаа хариуцсан ажлаа тултал хийх нөхцөлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдүүллээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилсан хуулийн төсөл нь шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт шахалт үзүүлэх, авилга өгөхөөс урьдчилан сэргийлэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гаднын нөлөөнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой.
Хуулийн төсөлд анхан шатны шүүх дээр 30 хоногийн хугацаагаар нэг удаа одоо хойшлуулах тухай заалт байсныг Засгийн газар болон хуулийн байгууллагууд 60 хүртэл хоног байх санал тавьсныг Ажлын хэсэг хүлээн авчээ.
Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилт тусгасныг дурдаад Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу авлига, албан тушаал буюу улс төр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүд нийгэм, олон нийтийн дунд сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу шиг замхардаг.
Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг шат дамжлагаас болж зарим нөхөд хугацаа хожих, ял завшдаг гажуудал бий болсон. Энэ гажуудлыг тус хуулиар засаж, залруулах боломж бүрдэж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn