Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар завсарлага авахыг хүслээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2017.05.05

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар завсарлага авахыг хүслээ

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай шинэчилсэн найруулгын төсөл багтсан багтсан. 

Хуулийн төслийг хэлэлцэх болоход УИХ-ын гишүүн Ж.Батзандан завсарлага авахыг хүслээ. Тэрээр УИХ дахь АН-ын бүлгийнхээ байр суурийг илэрхийлсэн бөгөөд хоёр парламент дамжсан уг хуулийн төслийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг маш их өөрчилсөн, олон асуудал маргаан дагуулж байгаа учраас хэлэлцэхээ түр азнаж, дахин нягтлах хэрэгтэй гэв. 

Тухайлбал, хуулийн төсөлд "Хэргийг гурван шатны шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад буцаана" гэсэн заалт оруулах гэж байгаа нь хүний эрхийн ухралт болж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.  

Мөн эрүүгийн хэрэг мөрдөн шалгах урьдчилсан хэлэлцүүлэг, баривчлах хугацаа, мөрдөн шалгах ажиллагааны зардал гээд олон асуудлын хүрээнд байнгын хорооны гишүүдийн дунд ихээхэн маргаан дагуулж байна. Тодруулбла, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг хэн тогтоох, хэн барагдуулах вэ гэдэгт тодорхой зохицуулалт алга гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ. 

УИХ-ын ажлын хэсгээс "Үзлэг нэгжлэгийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хийнэ" гэсэн санал гаргаж байгаа нь буруу, олон улсад хүний эд хөрөнгө, хүний хувийн орон зайд зөвхөн шүүх, шүүгчийн зөвшөөрлөөр халддаг шүү дээ гэдгийг анхааруулав.

Үүний хариуд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулбал хууль энэ оны 7 дугаар сарын 1 гэхэд хэрэгжиж амжихгүй эрсдэл үүсэх гээд байна гэв. 

Ингэснээр гудамж, талбайд гарч буй зөрчлийг хянан шийдвэрлэх боломжгүй болж, яллагдагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хугацаа хойшлох болно гэсэн тайлбар хийлээ. 

Талуудын байр суурийг сонссон УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр дөрвөн хоногийн завсарлагыг УИХ дахь АН-ын бүлэгт өглөө.