Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
2020.04.07

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хүний эрхийг хангахын тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим”-ыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д “Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган уялдуулж, нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлснээр хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах” зорилтыг тус тус тодорхойлсон. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна. Үүнд, 

  • - Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх,
  • - “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох,
  • - Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох,
  • - Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох,
  • - Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах,
  • - Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,
  • - Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх,
  • - Хуулийн заалтын давхардлыг арилгах, 
  • - Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.