О.Баасанхүү: Кампанит ажил явуулахгүй л бол монголчууд шинжилгээнд хамрагддаггүй
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан юм.
О.Баасанхүү: Хорт хавдрыг эдгээж болдог. Эрт илрүүлье гээд явж байгаа нь зөв. Энэ асуудал дээр Д.Дамба-Очир гишүүнийг 100 хувь дэмжиж байгаа. Хамгийн гол нь илрүүлэхийн тулд нөөц бололцоогоо бүрдүүлэх ёстой. Сая “Элэг бүтэн Монгол” нэртэй хөтөлбөрөөр хэдэн компани л баяжлаа. Гэтэл элэг бүтэн болоогүй. Харин ч эсрэгээрээ элэгний өвчлөл хэвээрээ л байна.
Цэвэр уушигтай монгол хүн гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс сүйрлээ. Умайн хүзүү, уушигны хавдарын өвчлөл хоёр өндөр түвшинд байна.
Бидний ярьж байгаа энэ хууль хуучин байсан “Эрүүл монгол” хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
“Эрүүл монгол” хөтөлбөр дотор хавдрыг эрт илрүүлье гэж явж байсан. 1950-аад онд бөөс, хуурснаасаа салаад, соёлын хувьсгал хийж, улаан бурхан өвчнийг 100 хувь эмчилж байсан. Энэ хөтөлбөрөөс зарчмын хувьд юугаараа онцлог вэ?
Төсөв мөнгөний хувьд хэр их зардал гарах вэ?
Монголчууд эрт илрүүлээрэй гэхээр очдоггүй учраас кампаничлахаас өөр арга байдаггүй.
Жишээлбэл, хөхний хавдрыг эрт илрүүлбэл эдгэдэг өвчин. Уушигны хавдарыг ч мөн маш эрт илрүүлэхгүй бол нүх, сүвээр нь дамжаад тархдаг. Зарим хавдарт нэг, хоёр, гуравдугаар шат байдаг бол уушигны хавдарт шатлал байхгүй. Хавдар судлал дээр ходоодыг бүтэн тайраад, ёс юм шиг цацрагийн эмчилгээ хийлгэдэг. Учир нь хоёр, гуравдугаар шатаа мэдэх боломж байдаггүй. Эрт илрүүлээгүйгээс ихэнхи нь хоёр, гуравдугаар шатандаа очсон. Дээрээс нь цацрагийн эмчилгээнээс болоод улам хүндэрдэг. Монгол Улсад pd-scan гэдэг аппарат байхгүй. Энэ аппаратгүй байж эрт илрүүлэх талаар ярилтгүй. Үүний төсөв, тоног төхөөрөмж яаж хийгдэх вэ?
Д.Дамба-Очир: Би энэ хуулийг зүгээр ч нэг санаачлаагүй. Өөрийн хоёр хүнээ хорт хавдраар алдсан. Өвчнийг нь их хойно мэдсэн. Хамгийн сүүлийн шатандаа орохоор их хүнд юм билээ. Тэнд мөнгөтэй байгаад ч нэмэргүй. Тийм учраас сүүлийн 3, 4 жил бодож байгаад санаачилж оруулж ирж байна.
Энэ хууль зөвхөн ходоод, элэг, умайн хүзүү, уушиг гэсэн дөрвөн төрлөөр хязгаарлагдаж байгаа.
Монгол Улсад жилдээ 3900 гаруй хүн хорт хавдраар нас барж байгаа. Үүнээс 60-аад хувь нь элэгний хорт хавдар байна.
“Эрүүл Монгол” хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлсэн. 23 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Энэ нь зөвхөн элэгтэй холбоотой зүйлийг шийдсэн.
О.Баасанхүү гишүүний ярьснаар хуулинд нь суулгаж байгаад кампанит ажлыг зохион байгуулахгүй бол хүмүүс очихгүй байж байгаад сүүлд нь илрүүлж байна.
Хорт хавдар нь хүндэрсэн хүмүүсийн ар гэр орон байраа зараад эсвэл улсын төсвөөс асар их хэмжээний мөнгө харж байгаад хүнээ алдах байдал их байна. Энэ хууль Япон, Солонгос, Германд байна. Япончууд өндөр наслаж байгаагийн ганц шалтгаан нь эрт оношилгоо тавьдагт байгаа. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг Хавдрын төв, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газартай хамтарч ажилаж байж хуулийн төслийг хийсэн.
Даатгал дээр мөнгө байдаг. Тэр мөнгө нь 1 хүнд 300-гаад мянган төгрөг оногддог. Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Энэ хууль батлагдаад явбал эхний удаадаа тоног төхөөрөмж авч аймаг сумдын эмнэлгүүд шинжилгээ хийх боломжтой болно. Энэ хүрээнд улсын төсөвт нилээдгүй мөнгө тавигдах шаардлагатай. Дараа дараагийн жилүүдээс зарлага нь харьцангуй багасаад явна. Үүнийг хийж чадвал Монгол Улсад 5 жилийн дараа хавдрын тохиолдол цөөрнө. Түүнчлэн эмнэлгүүдэд дарамт учруулах асуудал багасна. Төсөвт 2019 онд суулгах боломжтой.