2019.10.17

С.Эрдэнэ: Хавдараар өвчилж байгаа иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хавдрын өвчлөл маш их байгаа. Хавдрын өвчлөлтэй иргэдэд төрөөс үзүүлж байгаа дэмжлэг тусламж үнэхээр маш бага байна. Иргэд туйлдаж байна хэрэгтэй хэрэггүй зүйл дээр зардаг төсвийн зардлаасаа иргэдийн хавдрын өвчлөл эмчилгээний асуудал дээр анхаарвал сайн байна. Энэ дээр Эрүүл мэндийн яам ямар өөрчлөлт гаргаж байгаа вэ? Цаашдаа яаж ажиллах юм?

Хавдартай холбоотой эмчилгээ үйлчилгээний зардлаас гадна хавдрын өвчлөлийг оношилж эмчилдэг багаж тоног төхөөрөмж үнэхээр хангалтгүй байна. Зарим тохиолдолд Улсын эмнэлгүүд бүр хоцрогдоод зарим иргэд Хувийн эмнэлгээр явж байна. Гэтэл хувийн эмнэлэг нь үнэтэй байдаг. Холбогдох санхүү мөнгөний бодлого барьдаг яам байгууллагууд яаралтай арга хэмжээ аваач. Мөн эрүүл мэндийн салбарыг улс төржүүлдэгээ болимоор байна.