Татварын ерөнхий хуулийг хэлэлцэхийг дэмжив
Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа аж. Тиймээс Татварын ерөнхий хуульд туссан дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах нь зүйтэй болжээ.
Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг арилгах шаардлага бий болоод байгаа бөгөөд энэ хуулийн хүрээнд цоо шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болох аж. Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй аж. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ.
Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ.
Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тус байнгын хороо 2018 оны 6 сарын 12-нд хэлэлцсэн байна. Хуралдаанд оролцсон ихэнхи гишүүд нь Татварын тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн байна.