О.Содбилэг: Дотооддоо 30 хувийн татвар тавьчихаад гадагшаа гарч байгаа ашгийн татвар дээр 5 хувь болгодог нь ямар учиртай юм бэ?
Өнөөдөр /2018.06.13/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг асуулт асууж, байнгын хорооны хурлаар хуулийг нь хэлэлцэж байхад сайд нар нь байхгүй байгаа явдлыг шүүмжилсэн юм.
О.Содбилэг: Сүүлийн үед УИХ-ын байнгын хорооны хурлуудад ажлын хэсэг ахалж байгаа тухайн салбарын сайд орж ирэхээ болилоо. Яагаад дандаа улс төрийн хариуцлага хүлээгээгүй хүмүүс ийм чухал асуудалд хариуцлаад байгаа юм? Өнөөдрийг хэлэлцэх эсэхийг нь бид нар шийнэ шүү дээ. Хэлэлцэхгүй ээ гээд буцааж болох эрх нь байгаа. Засгийн газраас орж ирж байгаа төрөл бүрийн төсөл дээр ийм зүйл ажиглагдаж байна.
Мөн бизнесийг дэмжинэ гээд Засгийн газар яриад байгаа ч гэсэн байгуулагдангуутаа өнгөрсөн жилийн төсвийг хэлэлцэж байхад газрыг шилжүүлэхэд, эсвэл ашигт малтмалын лиценз шилжүүлэхэд 30 хувийн татвар тавьсан. Үүнийгээ энэ хуулиараа өөрчлөхгүй юм уу?
ААН эрхэлж байгаа эсвэл газраа хүүхэддээ шилжүүлэх олон хүмүүст заавал ийм өндөр татвар тавих шаардлагатай юм уу?
Энэ өмч хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд орж байж манай эдийн засаг сайжирна. Газрын эсвэл ашигт малтмалын лицензийг нь төр олгочихоод буцаагаад шийтгэж байгаа юм уу гэж маш их гомдоллож байна.
Г.Тэмүүлэн гишүүний хэлсэнчлэн гадны компанид зориулсан захиалгатай юм явж байгаа юм уу?
Дотооддоо 30 хувийн татвар тавьчихаад гадагшаа гарч байгаа ашгийн татвар дээрээс 20 хувийг нь 5 хувь болгож бууруулдаг нь ямар учиртай юм бэ?
Ингэж дотоодын бизнесээ дэмжих юм уу? Бодлогын хувьд дотоодын бизнесүүд аль болох том байж, олон хүний ажлын байр бий болгож, их татвар төлж, копани бизнесүүд өсч, үржиж, тэлж байх ёстой юм биш үү? Тэгээд л юм асуухаар хар жагсаалт, ОУВС гэдэг хариулт л гишүүдэд өгөөд байх юм.
Ажлын хэсэг: Татварын хуулийн гол зорилго бол нээлттэй, ил тод, тэгш шударгай байх зарчмыг баримталж байгаа. Ямар нэгэн байдлаар гадны болон хэн нэгэнд давуу эрх өгөх байдлаар хуулийн төслийг боловсруулаагүй. Өнгөрсөн онд хувь хүн эрх шилжүүлсэн бол 10 хувь болгож УИХ баталсан. Энэ хуулиар ААН-үүд газар болон лицезтэй холбоотой эрх шилжүүлбэл 10 хувь болгож бизнес эрхлэгчдээ дэмжсэн. Нөгөө талаараа бид ил тод, нээлттэй хөрөнгийн биржээр IPO гаргах болон хувьцаагаа арилжаалсан тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэдгийг нь бид адил тэнцүү байх байдлаар хувь хэмжээг нь бууруулах байдлаар авч үзсэн.