Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, ШИНЭ ХОТ байгуулахыг захив
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг 87,5 хувийн саналтайгаар дэмжиж, баталсан.
Монгол Улсын, тэр дундаа Улаанбаатар хотын дэд бүтэц, барилга байгууламж, газрын зохион байгуулалт зэрэг иргэдийн амьдралд шууд хамааралтай энэ салбарын сайдыг томилохдоо УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө саналыг хэллээ.
д.оюунхорол: ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ
Санал хэлсэн гишүүдийн ихэнхи нь цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг сануулж байв. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байж, үйл ажиллагаа нь доголдох болсон учир нийслэлчүүдийн өмнө бохирын үнэрээс эхлээд том асуудал ундрах болсон.
Үүнд хоёр гарц бий. Эхнийх нь Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах. Нөгөөх нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд оруулах.
Тэгвэл өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилласны хувьд өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр: “МУ-н Засгийн газар яаралтай хөөцөлдөж, шинээр бариулах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх ёстой. АНУ-ын мянганы сорилын сангийхан бол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарах усыг цэвэршүүлэх, саарал усны технологийг хэрэглэх, дахин ашиглах боломж бололцоог гаргаж өгнө.
Бүх материал бэлэн болж, санхүү, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл шинэ цэвэрлэх байгууламж баригдсаны дараа хийгдэх ажил нь бэлэн болчихсон боловч цэвэрлэх байгууламж баригдах ажил нь удаашралтай болох гээд байгаа” гэсэн юм.
Түүний мэдээлснээр төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулахын зорилгоор хотын цэвэр усны хангамжийг сайжруулах тал дээр хэд хэдэн ажил хийгдэж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын сангийхан 280 орчим сая долларын төсөл хэрэгжүүлж, амжилттай явагдаж байгаа аж.
Х.НЯМБААТАР: ШИНЭ СУУРШИЛЫН БҮС БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Мөн үг хэлсэн гишүүд бүгд цаашид Улаанбаатар хот даацаа дийлэхээ больсон учир шинэ суурьшлын бүс, засаг захиргааны нэгжийг шинээр байгуулах шаардлагатай боллоо гэдэг дээр санал нэгдэж байв.
Нийслэлийн даац хэтэрснээр хотын агаар, хөрс усны бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч, үр дагаврыг нь ч бид биеэрээ мэдрээд байна. Дутуу төрж, цээжний тойрог багассан, зүрх, уушигны дутуу хөгжилтэй төрсөн хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууцжуулах боломжгүй болж байгаа аж. 1977 онд Оросын эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын усны гүний нөөцийг 284 мянган куб гэж тогтоосон. Хэрэв энэ нөөцөн дээр дахин орон сууцжуулах Улаанбаатар хот усгүйдэх асуудал тулгарахад ойр байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Энэ асуудлыг шийдэхийн тулд зоригтой ажлын хэсэг байгуулах, магадгүй УИХ, ЗГ-ын шийдвэрээр шинээр засаг захиргааны нэгжийг хаана байгуулах гэдгийг эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах тал дээр зоригтой санаачилгатай ажиллаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна” гэж хэлэв.
Харин шинэ суурьшлын бүс байгуулахдаа хот төлөвлөлт, ус цаг уур, орчны шинжилгээний эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагтайг сануулж байв.