2018.10.05

О.Баасанхүү: Хүний аминд хүрж байж сайдаа сольж байна

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Түүнийг сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.Баасанхүү: Зам тээврийн хөгжлийн сайдыг дан дээлтэй хүн оруулж ирж болдоггүй юм уу? Дан дээлтэй болохоор даараад байгаа юм уу? УИХ-ын гишүүн биш, мэргэжлийн хүн оруулаад үлдсэн богино хугацаанд зам руу анхаарсан ажил хийж болдоггүй юм уу? Ганцхан жил үлдлээ. 

Онгоцны билетийн үнэ хэзээ буух вэ? Аялал жуулчлалыг хөгжүүлье гэхээр онгоц үнэтэй байна гэж байна. Яг хэзээнээс хэд дахин буух вэ?

Түгжрэлийг яаж шийдэх вэ? Улаанбаатарын түгжрэл гэдэг бол одоо Орхон аймгийн түгжрэл ярьдаг боллоо. Өвөрхангай руу их анхаарч магадгүй. Бид далайгүй учраас авто замдаа их анхаарах ёстой. Монголын зам тэр дундаа Дарханы зам дэндүү байна. Жилийн жилд ярьж байна. Яг хэзээ барих юм бэ?

Бүх салбар хариуцлагагүй байгаа.

ТНБД байгаа мөртлөө газрын дарга нь АТГ руу бичиг явуулаад, хүн томилох асуудлыг ярьж байна. Түр орлон гүйцэтгэгч нарыг хэзээ жинхлэх юм бэ? Зам тээврийн яам дээр төрийн албаны зөвлөл болохгүй гэж байхад л хүн томилсон байсан. Нэг байгууллагынхаа үгийг сонсохгүй байна. Хүний аминд хүрж байж сайдаа сольж байна. Түүнээс замын бодлого муу байгаад, Ж.Бат-Эрдэнэ муу ажилласанаас болоогүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар анх байгуулагдахдаа УИХ-ын гишүүдээс байгуулагдсан. Би энэ зарчмаа цаашид барина. Дан дээлтэй, давхар дээлтэй гэдэг нэрийн дор олон жил улс төр хийснийг болих хэрэгтэй. УИХ-ын гишүүн давхар хариуцлага хүлээгээд ажил хийж болно. Энэ засгийг би толгойлж байна. Миний бүрэн эрхийн асуудал. 

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Я.Содбаатар: Онгоцны тийзний үнэ өндөр байгаа талаар иргэд байнга хэлдэг. Салбар яамнаас тодорхой бодлого гаргаад, хэрэгжүүлж байгаа зүйл бий. Агаарын тээвэрлэгч нарын зардлыг багасгах асуудал байна. Өнөөдөр МИАТ-ын нислэгийн өртгийн 27 хувийг шатахуун эзэлж байна. Хамгийн түрүүнд шатахууныг олон эх үүсвэртэй болгох ёстой гэж үзэж байна. 2005 онд яаманд байхдаа шатахууныг 1 байсныг нь тухайн үед тендерт оруулж шийдвэрлж байсан. Агаарын тээврийн салбарт либералчлал хийхээр УИХ шийдвэр гаргасан.