Ж.Бат-Эрдэнэ: Бид хөрөнгө оруулалтаа хүн хөрөнгө рүүгээ чиглүүлэх ёстой
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэллээ.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ХҮН РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
2017 оны төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг бүрэн олгогдохоор орж ирж байна. Үүнд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид талархалаа илэрхийлье. Хүүхдийн мөнгөнөөс болж унасан Засгийн газар шүү дээ. Цаашдаа хүүхдийн мөнгийг өгөөд явах нь зүйтэй гэдэг талаар гишүүд санал нэгдэж байна. Тиймээс дараагийн Засгийн газар ч мөн хүүхдийн мөнгөө ялгаваргүй олгоод явахыг хүсье.
Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг би Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй нилээн удаан хугацаанд ярилцсан. Үүний үр дүнд 72,5 тэрбум төгрөгөөр төсвийг нь нэмэгдүүлж орж ирж байгаад би талархалаа илэрхийлье.
Гэхдээ би нийт Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 9 дүүргийг 30 нэгж гэж үзээд, нэг нэгжид 10 тэрбум төгрөг тавих хүсэлтэй байгаа. Нийт 300 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоотой. Үүнтэй уялдуулаад “Шинэ хөдөө” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг та бүхэнд тавьсан.
Энэ зааланд ирээдүйн Сангийн сайд сууж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс тэр хүн үүнд анхаарал хандуулахыг хүсч байна. Бидний байнга ярьдаг нэг зүйл бол ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал. Ажлын байр нэмэгдүүлье, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлье, өрхийн үйлдвэрлэлийг сайжруулъя, өрх болгонд очсон бүтээлч үйлдвэрлэлийн орлогыг бий болгоё гэж ярьж байна.
Гэтэл төсөв ярихаар л огт өөр урсгал зардал яриад, хөрөнгө оруулалтаа буруу тийш нь явуулчихдаг. Жишээ нь бид концесс дээр хэдэн зуун тэрбум төгрөг тусгаж байсан. Тэр тусмаа өнгөрсөн Засгийн газарт замаа алдсан. Хөрөнгө оруулалт орж ирэхээр л тоглоомын талбай, зам, байшин, засвар гээд л явчихдаг. Хүн рүүгээ оруулсан хөрөнгө оруулалтыг яагаад хийж болдоггүй юм бэ?
Үйлдвэрлэлт явуулах гээд, аж ахуй эрхлэх гээд, ногоо цагаа тарих гээд чадахгүй байгаа хүмүүст яагаад концессоор санхүүжилт хийж өгөөд байж болдоггүй юм бэ?
Тариа тарихын тулд тархиндаа тариагаа эхлээд ургуул гэдэгтэй адилхан хүний төлөө ажиллаж байгаа бол юугаар дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Монгол иргэнийг боловсролтой байх, эрүүл байх, хөдөлмөртэй байх гэдэг бол монгол орны үндсэн нөхцөл. Иргэн баян бол улс баян гэсэн логик байдаг. Энэ үүднээс багш, эмч нарын цалинг нэмээд явах нь зүйтэй.