Чухал санал дэвшүүлэгч
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.04.11

Чухал санал дэвшүүлэгч

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нь сонголт биш аргагүйн нөхцөл байдал гэдгийг 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн үеэс МАН-ын гишүүд дуу нэгтэй илэрхийлж байгаа.

Тэдний зарим одоог хүртэл ОУВС-тай хийсэн тохиролцоо тийм ч сайн болсонгүй, нөхцөл шаардлагуудыг нь харахаар Засгийн газар ОУВС-гийн нэрийг барьж байна гэсэн байр суурьтай байна. УИХ-ын гишүүн гадаад улс руу урсах мөнгөө Монголдоо үлдээх талаар чухал санаа, дэвшүүлж, тэр нь дэмжигдэв. Оюу толгой, Оюу толгой бас дахин Оюу толгойгийн тухай ярьдаг тэрээр энэ удаа ч Оюу толгойгоо л ярилаа.

Нэгд, ОУВС-гийн тавьж буй шаардлага нь ард иргэдийн халаас руу өнгийсөн, тэдний аж амьдралд дарамт учруулахуйц байна. Нэг талаас бид өрөө төлөхийн тулд хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаатай, олон талт эх үүсвэрээс зээл авч байгаа нь аль нэг улсаас эдийн засгийн хараат болох эрсдлийг хааж байна.

Нөгөө талаас иргэдэд дарамт учруулахгүйгээр Тамсаг, Оюу толгой зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудын хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг сайжруулах, татварын орлогоо бүрэн бүрдүүлэх тал дээр зохицуулалтыг хийх зөвлөөгүй гэж үү? Улс эх орныхоо эрх ашгийг хойшоо тавьж, улсаа худалдсан хүмүүсийн уршгаар бий болсон нөхцөл байдлыг яаж даван туулах ёстой талаар ОУВС юу гэж зөвлөж байна?

Оюу толгойгоос авах ёстой татвараа бүгдийг нь авч чаддагсан бол бид өнөөдөр ингэж хямрахгүй, өрөнд баригдахгүй байлаа шүү дээ. Ц.Даваасүрэн

Хоёрт, Бид өрийн босгыг өсгөсөөр байгаад ДНБ-ий 80 хувиас давуулсан. Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулиар бол өрийн таазыг ДНБ-ий 80 хувьд барина гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтоо яаж хангах вэ? 

Гуравт, Оффшор бүсэд хууль бусаар хадгалагдаж байгаа Монголын мөнгийг оруулж ирэх талаар ч үг цухуйлгаагүй юу?

Тэрээр татварын бааз сууриа өргөтгөх, гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй гэрээ хэлэлцээрээ харилцан ашигтай хийх, зээл тусламж авахдаа төсвийн тогтвортой байдлын шаардлагаа хангаж байгаа эсэхээ бодолцох хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн. Таны асуулт, саналыг сонссон Сангийн яамны албаныхан ОУВС-тай хэлэлцээр хийх явцад тухайлан Оюу толгой төсөл болон газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг эргэн авч үз гэж зөвлөөгүй гэлээ. 

Гол нь уул уурхайн салбараас хамаардаггүй төсвийн орлогын тогтвортой байдлыг бий болго гэсэн шаардлагыг ОУВС тавьжээ. Энэ оны 10 дугаар сард ОУВС, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг татварын эрх зүйн орчин хэр байгааг УИХ-д танилцуулна гэдгээ Сангийн яамнаас мэдээлж байна. 

Сүүлийн дөрвөн жилийн дотор өрийн тааз их хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ жил гэхэд өрийг нилээд өндөр өртгөөр санхүүжүүлэх шаардлага тулгарсан байдаг. Тиймээс ч 2018 онд өрийн тааз ДНБ-ий 101 хувь, 2019 онд 100 хувьтай тэнцүү байхаар байна. Жил ирэх бүр энэ тоо аажмаар буурсаар 2022 онд 84 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр 74 хувь гэсэн үг юм байна.

Өрийн тааз 5 жилийн дараа гэхэд ДНБ-ий 84 хувьд хүрнэ гэдэг нь тогтвортой түвшин биш болохыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ. Оффшор бүсэд байгаа Монголын мөнгийг оруулах гэхээсээ илүү өргөн утгаараа мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлын хүрээнд ОУВС-гийн ажлын хэсэг Монголбанктай тулж ажиллажээ. 

Уул уурхайн төсөл хөтөлбөрийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулахаар Уул уурхайн яам дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэдгийг Сангийн яам нэмж мэдээллээ.