2017.04.11

Ж.Энхбаяр: Уул уурхай руу хэтэрхий улайрсанаас болж хамгийн суурь салбарын хөгжлөө алдсан байна.

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хөдөө аж ахуйн салбарыг хамгийн их нэмэлт санхүүжилт авч байгааг онцолж, үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй хэмээн уриаллаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ХХААХҮ-ийн сайдын багц тодотголоор хамгийн их нэмэлт санхүүжилт авж байгаа салбар. Байнгын хорооны гишүүддээ хандаж хэлэхэд үлдэж байгаа хугацаанд ямар зорилго тавиад, ямар үр дүнд хүрэхээ ХААЯ дээр очиж танилцаж, ярилцмаар байна. 100 тэрбум давсан хөрөнгө энэ салбарт зарцуулагдаж байна. Жишээ нь:

  • жижиг дунд үйлдвэрийн сан гэхэд 50 тэрбум,
  • мах боловсруулах үйлдвэр 5 тэрбум,
  • хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэр дэмжихэд 15 тэрбум,
  • хөдөө аж ахуйн маркетингийг сайжруулахад 5,9 тэрбум,
  • бэлчээрийн удирдлагыг сайжруулахад 5 тэрбум,
  • хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалт, их засварт 27 тэрбум,
  • хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 25 тэрбум,
  • тариалан эрхлэлтийг дэмжихэд 37 тэрбум,
  • Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тодорхойлсон хөтөлбөр төсөлд 41,3 тэрбум гэсэн ажлууд байна.

Яамтайгаа сайн ярилцаж энэ зардлын үр дүнг үзэцгээе. 3 жилийн дотор ийм зорилго тавиад тодорой үр дүнд хүрэхэд тууштай нэг бодлого баривал байнгын хороо ч дэмжээд, Засгийн газрын хийх ажил ч тодорхой болно. Тэгэхээр энэ 7 хоногтоо багтаад бид салбарын яам дээрээ очоод энэ асуудлыг ярилцаж, бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэх саналтай байна.

Монголын хөдөө аж ахуйн салбар өрсөлдөх чадвараа бүрэн алдсан. Дэлхийн хөдөө аж ахуйн салбараас багаар бодоход 30 гаруй жил хоцорсон.

Энэ салбараа хөгжүүлж байж, бусад хөнгөн хүнсний үйлдвэрүүд босж ирж, үүнийгээ даган ажлын байрууд бий болвол иргэдэд амьдрах таатай орчин бүрдэнэ. Хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал гээд олон зүйл ч үүнтэй холбоотой.

Уул уурхай руу хэтэрхий улайрсанаас бол хамгийн суурь салбарын хөгжлөө алдсан.

Энэ салбарын хөгжлийн түвшин 80-аад оны сүүлд жилдээ 800-900 мянган үр тариа авдаг байсан. Сүүлийн 30 жил энэ түвшиндээ хүрсэнгүй. Бүх арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгож  боловсруулдаг. Энийгээ дагасан аж үйлдвэрийн суурьтай мэргэжлийн боловсон хүчинтэй болсон байсан. Гэтэл өнөөдөр энэ тогтолцоог бүрэн нураасан байна.

Энэ салбарын хамгийн ноцтой асуудал нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, бодлого нь бүх зүйл салангид. Тэр олон мал эмнэлгийн, ургамал хамгааллын олон хүрээлэнгүүд яамныхаа дэргэд бодлоготойгоо уялдаад, нэг цогц салбар бий болох ёстой. Энэ боломжийг УИХ-аас баталж өгөх ёстой. Ингээд санхүү, бодлогоор нь дэмжээд үр дүн гарахгүй бол Монгол Улс хол явахгүй.

Бидэнд энэ салбарын 2 том ач холбогдолтой хууль байна. Тэр хуулийг батлахын өмнө энэ салбарт шаардлагатай зохион байгуулалт, бүтцийн асуудлыг шийдмээр байна.