Х.Нямбаатар хувийн сургуулиудад дургүй юу?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.04.06

Х.Нямбаатар хувийн сургуулиудад дургүй юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг сайжруулахад анхаарлаа хандуулна уу гэхээс биш төсөв тэлэх асуудлыг огтоос ярих ёсгүй" гээд гурван асуудал хөндлөө. Үүнд,

Нэгд, Төсвийн тодотголтой холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан байна. Ямар үндэслэлээр Хууль тогтоомжийн тухай хуулийг төсвийн тодотголтой холбож нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов?

Хоёрт, Өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудад хэдий хэмжээний мөнгийг нэг хүүхдийн хувьсах зардалд төсөвлөдөг вэ? Энэ зардлыг өгөхөө больж, төсвийн дарамтыг багасгавал ямар вэ гэсэн санал байна. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдээс жилийн төлбөрт 20 сая төгрөг авч байгаа хувийн сургуулиудад улсын төсвөөс хувьсах зардал гэж өгөх хэрэг байна уу?

Гуравт, Төсвийн тодотголын төсөлд туссан хамгийн хүнд асуудал бол тэтгэврийн насыг уртасгах юм. Тэтгэврийн насыг нэмснээр үүдэн гарах үр дагаврыг амсах хүмүүс нь одоогийн бидний үеийнхэн болон биднээс дүү үеийнхэн байна. 21 жилийн дараа тэтгэвэрт гарна гэж бодоод явж байтал энэ хуулийн төсөл батлагдсанаар 26 жилийн дараа тэтгэвэрт гарах болж байна л даа.

Эдгээр гурван асуудлыг хөндөөд "Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?" гэж асуулаа. Асуултын хариуд Засгийн газрынхан ингэж хариулсан юм. 

Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэхийн төлөө ажиллана

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

Манай Засгийн газрын үед тэтгэврийн сан орлого, зарлагаа тэнцвэржүүлж хараахан чадахгүй нөхцөл байдалтай байна.

Тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн ч 2018 он гэхэд ахиад 462,4 тэрбум төгрөг, 2019 онд 455,4, 2020 онд 286,6 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс нэмж олгохоор байна.

Тиймээс Засгийн газрын баримталж буй бодлого бол тэтгэврийн сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэхийн төлөө ажиллана. 

Б.Нямаа: Дахин нягтлах шаардлагатай 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа

Улсын төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, төсвийн гүйцэтгэл гэх мэт хууль тогтоомж, шийдвэр нь эдийн засгийн судалгаа, тооцоололд үндэслэсэн байдаг.

Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ямар ачаалал ирэхийг урьдчилан тооцож үзэлгүйгээр өргөн барьсан учраас энэ алдааг засах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулсан.

БСШУС-ын сайд Я.Батсуурь

Хувийн ЕБС-иудын хувьсах зардалд зориулж, 9 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс төсөвлөдөг. Хэрэв уг санхүүжилтийг зогсоох шаардлага байна гэж үзвэл улсын төсвөөс хөрөнгө хуваарилдагаа больж болох байх.

Хувийн сургуулиудын төлбөр янз бүр байдаг. Сургалтын төлбөрийн хэмжээнд яамнаас ямар нэгэн босго, хязгаар тогтоодоггүй. Тийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй.