Ж.Энхбаяр: Эдийн засгийн уналт зогссон юм бол татвар нэмэх шаардлагагүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
"Засгийн газрын дотооддоо гаргасан бондын төлбөр хэдий хэмжээнд хүрсэн бэ? Он гармагц 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байх. Миний тооцоогоор бол 4 их наяд нилээд хол давж байгаа шиг санагдах юм. Засгийн газрын дотооддоо гаргасан бонд ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байна?
Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргаж, иргэд, арилжааны банкнаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нийт 4,3 их наяд төгрөг юм байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний 1/3 нь гэсэн үг. Энэ мөнгөөр бид төсвийн алдагдлаа санхүүжүүлж байна. 16 хувийн хүүтэй буюу өндөр хүүтэй Засгийн газрын бонд нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж боддог.
Арилжааны банкууд үүнээс өндөр хүүтэй мөнгө татан төвлөрүүлж, аж ахуйн нэгж бизнес эрхэлж буй хүмүүст 16 хувиас дээш хүүтэй зээл олгодог. Ийм өндөр хүүтэй бонд гаргаж байгаа нь өөрөө 2017 онд эдийн засаг, бизнес хөгжихгүй гэсэн үг. Нүүрснээс бусад салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал энд ирээд гацаад байна.
2017 оны төсвийн тодотголын төслөөр бол Монгол Улс улсын төсвийнхөө хэдэн хувийг бондын төлбөрт зарцуулахаар байна?
Саяхан Засгийн газар шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг солилоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн эзэмшилд шилжүүлэхтэй холбоотойгоор 400 сая ам.долларын асуудал яригдаж байна. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргах уу? Нэгэнт хүний юмыг авч байгаа юм чинь мөнгийг нь төлж таарна.
Эдийн засгийн уналтыг зогсоож чадлаа гэж Сангийн сайд мэдэгдлээ. Гэтэл Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хууль тогтоомжийн төсөл дотор ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээ -0,2 хувь гэжээ. Өөрөөр хэлбэл, үүнээс харахад эдийн засгийн уналт зогсоогүй, эдийн засаг хасах үзүүлэлттэй байна гэсэн үг. Уналт, өсөлт гэж яриад байгаагаа тайлбарлаж өгнө үү.
Хэрэв эдийн засгийн уналт зогсож, тогтворжсон бол татвар нэмэх шаардлагагүй.
Ялангуяа МАН нь зүүний үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд Засгийн эрх барихдаа нэгэнт тогтсон нийгмийн халамж, баталгааг бууруулах бодлого барьж, тэр чиглэлийн хууль тогтоомж гаргах нь гадаад ч тэр, дотоод ч тэр зах зээлд сөрөг мессеж болж очдог."
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
"Засгийн газрын дотоод өр 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 5 их наяд 117,2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байхаар тооцоолсон. Үүнээс дотоод үнэт цаасны хэмжээ 4 их наяд 396,9 тэрбум төгрөг, концесс 790,3 тэрбум төгрөг байхаар тооцоолсон байна.
Засгийн газрын гадаад өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 16 их наяд 554,6 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц байхаар, үүнээс үнэт цаас 6 их наяд 957,3 тэрбум, зээл нь 9 их наяд 597,3 тэрбум төгрөг байхаар тооцож оруулж ирсэн.
Шинээр гаргах үнэт цаасны хэмжээг мөн тооцсон. Жишээлбэл, 2018 оны 1 дүгээр сарын 5-нд Чингис бондын эхний 500 сая ам.доллар, 2018 оны 5 дугаар сарын дундуур Дим Сан бондын 1 тэрбум юанийн төлбөр төлнө. Үүнийг 2017 оны төгсгөлд олон улсын санхүүгийн зах зээлд шинэ бонд гаргаж төлнө гэж төсвийн тодотголд суулгасан.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах мөнгийг уг төсвийн тодотголд суулгаагүй. Одоогоор уг асуудал хэлэлцээрийн шатанд явж байна.
2017 оны батлагдсан төсвөөр бол эдийн засгийн өсөлтийг 3,1 хувьд хүргэнэ тооцоолсон. Үүнийг УИХ-аар баталсан. Тавантолгойн ордыг төмөр замтай, цахилгаан станцтай явуулна. Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэх зэргээр төлөвлөж байсан.
Гэсэн хэдий боловч ОУВС-гийнхантай тохиролцсоны дагуу 2017 онд том төслүүдээ хөдөлгөх боловч төсөвт үзүүлэлх нөлөөллийг 2018, 2019 онууд руу шилжүүлж тооцохоор болсон. Тиймээс эдийн засгийн өсөлт -0,2 хувьтай гарч байгаа юм. 2017 оны хоёр, гуравдугаар улиралд эдийн засгийн уналт зогсож, 4 дүгээр улирлаас өснө гэж тооцоолж байна.
Хэрэв эдийн засгийн уналт зогссон бол татвар нэмэх шаардлагагүй гэж та хэллээ. Засгийн газар татвар нэмэх бодлого бариагүй. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд тавьж буй шаардлага гэж ойлгож болно. Тус сангаас 30 гаруй болзол тавьсны дотор хэд хэдэн төрлийн татвар нэмэх тухай байсан учраас төсвийн тодотголдоо ийнхүү тусгасан.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
Засгийн газар 16-17 хувийн хүүтэй бонд гаргаж, төсвөө санхүүжүүлж байгаа нь бодит эдийн засагт орох мөнгийг өөртөө татан төвлөрүүлж байна гэсэн үг. Бидний тооцоогоор бол энэ 4 дүгээр сарын сүүлчээр төсвийн тодотголоо батлуулж, улмаар ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргаснаар 5 дугаар сард тус сангийн техникийн баг эхний ээлжийн шинжилгээгээ хийнэ. Ингээд бодохоор ОУВС-гийн санхүүжилт 6 дугаар сараас эхлэн орж ирэхээр болж байна. Үүнээс хойш дотооддоо бонд гаргахаа зогсооно.