УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.04.06

Ж.Ганбаатар: Хадгаламжийн хүүний орлогоос татвар авахдаа 50, 100 сая төгрөг гэсэн босгыг хэвээр үлдээх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар иргэн, бизнес эрхлэгчдийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автобинзенд ногдох татварыг дахин авч үзэх боломж бий гэж ойлгож байна.

Хадгаламжийн хүүгийн хувьд 50 сая, 100 сая төгрөгийн босгыг хэвээр үлдээх ёстой. Хэвээр нь үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх саналаа эргэн харах, боломж байвал ОУВС-тай дахин тохиролцох хэрэгтэй болов уу.

1,5 сая төгрөгөөс дээш цалинтай, нийт ажиллагсадын 5 хувийн хүчээр эдийн засгийн хүндрэлээс гарна гэж Засгийн газар, УИХ-ын зарим гишүүн ярьж байна л даа. Тэгвэл цаашид энэ 5 хувиа 10, 20 бүүр цаашилбал 50 хувь болгох ёстой. Төрийн бодлого түүнд л чиглэх учиртай.

Мэдээлэлд ойрхон байгаа 5-хан хувь нь баяжих биш нийт ажиллагсадын 50 хувийг дунджаас дээгүүр орлоготой болгохын төлөө бодлого хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байна. Жижиг бизнес эрхлэгчид дунд, том аж ахуйн нэгж болоосой гэж хүсдэг. Би энэ талаар өөрийн байр сууриа байнга илэрхийлэх болно.

Үе үеийн Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдэг боловч хэлсэн ам, хэрэгжүүлж буй бодлого хоёр нь хоорондоо зөрсөөр ирлээ. Бодлого гэдэг бол хууль юм. Сүүлийн үед Засгийн газраас өргөн мэдүүлж буй хуулийн төслүүд нь бизнес эрхлэгчдийг цагдана, хориход чиглэж байна.