2017.04.06

С.Эрдэнэ: Зургаан төрлийн татварыг нэмж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эдийн засгийн хэмнэлтийн талаар асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Төсвийн тодотголын төсөлтэй танилцсан. Энэхүү төслийг АН-ын бүлэг авч хэлэлцээд санал бодлоо нэгтгэж байгаа. Миний хувьд орж ирж байгаа төслийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Өнөөдөр ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгож, зээлийн зарцуулалт нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт ААНБ, иргэдийн нуруун дээр үүрүүлэх татварын ачааллыг ихэсгэсэн байна. Энэ нь бодит байдалтай нийцэж байгаа юм уу?

Төр өөрөө хэмнэлтийн горимд шилжих, тансаг зардлуудаа танах, илүү орон тоонуудаа цомхотгох замаар асуудлаа шийдэх байх гэж харж байсан.

Харамсалтай нь Засгийн газар өөрөө ямар ч хэмнэлтийн горимд шилжсэн алхам хийсэнгүй. Маш олон сул орон тоо хэвээрээ хадгалагдаж үлдэж байна. Гэтэл өнөө  маргаашаа аргацааж өнгөрүүлж байгаа ААНБ, иргэдийн татварын ачааллыг нэмэгдүүлж, 6 нэр төрлийн татварыг нэмэгдүүлж байгаад харамсаж байна.

МАН-ын УИХ болон орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгаснаар өрийг барагдуулна, татварыг нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн танай намын амлалт яасан бэ?

Бид ажил авахад эдийн засаг ийм болсон байсан гэсэн үг жил хэртэй ярилаа. Өнгөрсөн 2012-2016 онд ЗГ-ын Сангийн сайдаар одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн гээд үндсэндээ төсөв санхүү, эдийн засгийн гол бодлогыг барьж байсан ажлууд дээр байсан. УИХ-ын төсвийн ажлын хэсгийг Б.Чойжилсүрэн ахалж байсан шүү дээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 

ОУВС-ийн 3,3 тэрбум ам.долларыг бэлэн мөнгөөр, 2 тэрбум ам.долларыг БНХАУ-ын Ардын банктай байгуулсан. Эдгээрээс ОУВС-ын олгож байгаа 400 сая орчим долларыг Монгол банкны нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглана. Үлдэж байгаа Азийн хөгжлийн банкнаас 900, дэлхийн банкнаас 600, бусад орнуудаас авж байгаа 2 тэрбум гаруй долларыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд чиглэсэн .

Хэн, хэзээ, яагаад ийм болгосон талаар жил гаруй хугацаанд маргалаа. Тиймээс энэ талаар улстөржилгүйгээр энэ мөчөөс яаж урагшаа эдийн засгаа аврах вэ гэдэг дээр хамтарч ажиллах саналтай байна.

Татвар нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Бидний засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхлэх үед танай засгийн газрын төсөвт суулгалгүйгээр хэрэглэсэн байсан 2,3 их наяд төгрөгийн зардлыг нэмж тусгахаар төсвийн алдагдал 18 хувьтай байсныг та санаж байгаа байх. Энэ алдагдлыг огцом бууруулахгүйгээр энэ ондоо 10,6%-иар буулгаад оруулж ирэхээр шийдсэн.

Төр зардлаа хэмнэх тал дээр тантай санал нийлж байна. 2012 онд төрийн албан хаагчдын тоо 142 мянга орчим мянга байснаас бидний засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд 180 мянга давсан байсан. Олноор нь гэнэт ажилгүй болгохгүйн үүднээс тодорхой хэмжээний буултыг ОУВС-тай тохирсон байгаа. Тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд нөхөн томилгоо хийхгүй, зөвхөн ЭМ, боловсрол, ОБ, цагдаагийн албанд 2 хүн тэтгэвэрт гарвал 1 хүнийг нөхөн томилох ийм зөөлрүүлсэн хувилбарыг гаргасан.

Өмнөх Засгийн газрын үед байгуулсан энэ данхайсан бүтцийг цуг хамтраад хумих бодлого хэрэгжүүлнэ гэдгийг танай нам дэмжинэ гэж найдаж байна.

Нөхцөл байдал хүндэрсэн учраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоо, тогтворжуул, эдийн засгийн суурийг бий болго гэж УИХ-аас чиглэл өгсний дагуу ОУВС-тай хөтөлбөр тохироод явж байна. ОУВС-тай хөтөлбөр тохирох хүрээнд эдгээр татварыг нэмэх болзол тохирсон учир аргагүйн эрхэнд нэмж байна