2017.10.05

О.Баасанхүү: МАН-ынхан хууль бус гэж үзэж байсан хүүхдийн мөнгөө яагаад төсвийн тодотголд оруулсан юм бэ?

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГЛӨӨ ГЭЖ БУРУУТГАСАН. ГЭТЭЛ ЯАГААД ТӨСӨВТ ТОДОТГОЛ БОЛЖ ОРЖ БАЙНА ВЭ?

Багш нарын цалинг нэмэх асуудлаар ярьж байна. Хувийн сургуульд хичнээн хэмжээний мөнгийг улсын төсвөөс оруулсан бэ? 36 сарын цалин гээд хичнээн хэмжээний цалинг авч байгаа вэ? Энэ хоёрын нийлбэрийг 40,000-д хуваахаар автоматаар багш нарын цалин өснө.

Хувийн сургууль надад дургүйцэх байх. Гэхдээ багш нар нь баярлана.

20 сая, 50 сая төгрөгний төлбөр авдаг сургуулиуд байна. Тэгэхээр хувьсах зардал өгөөд байдаг нь шударга өрсөлдөөний тухай хуулиар зөв юм уу? Энэ мөнгийг суутгах боломжтой эсэхийг тоогоор нь нарийн гаргаж өгөөч ээ.

Илэн далангүй хэлэхэд өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө өглөө гэж огцорсон. Хууль бусаар мөнгө өгсөн гэж буруутгагдсан. Гэтэл яагаад хууль бусаар өгсөн мөнгөө тодотгоно гэж оруулж ирж байгаа юм бэ? Хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байгаа биш танай намынхан хоорондоо гишүүдээс асуухгүйгээр хүүхдийн мөнгө тараалаа гэж асуудал үүсгэсэн.

Концессыг бас буруутгасан. Тэгэхээр цэвэрлэх байгууламж яах вэ? Тэр хавьд амьдардаг хүмүүс маш хүнд байдалтай байна. Эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх үүргийг яагаад биелүүлэхгүй байна вэ? Энэ ажил тас зогссон уу?

Манай Орхон аймгийн хэмжээнд нилээн хэдэн сургууль, цэцэрлэг дутуу байна. Тодотголоор орж ирсэн үү? Хүүхдийн эмнэлэг тохижолтоо хийж чадахгүй байна. Үүнийг зөвхөн 90,000 хүний хэмжээгээр хармааргүй байна. Ялангуяа эмнэлгийн тоног, төхөөрөмж, тохижилтын хувьд маш чухал.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛГООГҮЙ

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь 36 сарын цалин урамшууллыг нэг удаа олгодог. Хувийн сургуулиудад мөн хувьсах зардлын татаас өгдөг. Манай яамны мэргэжилтэн миний дараа хэлнэ. Хүүхдийн мөнгөний талаар Засгийн газар хууль зөрчөөгүй. 2017.04.14-нд батлагдсан тодотгол 1-ээр 165,5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар УИХ-аас баталсан. Өнөөдрийг хүртэл 161,5 тэрбум төгрөгийг гаргасан. Тодотгол батлагдчихвал он дуустал хэмжээний хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор 105 орчим тэрбум төгрөгний төсвийг тодотголын төсөвт суулгаж ирсэн.

Цэвэрлэх байгуулмажийн тухайд барилга ашиглан шилжүүлэх нөхцөлтэйгөөр концесс зарласан. Концесс жил орчим үргэлжлээд амижлтгүй болж эхэлсэн. Тиймээс Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг хувийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хэлэлцээрийг явуулж байна. Эхнийх нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 300 орчим сая ам.доллараар цэвэрлэх байгууламжийг санхүүжүүлье гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлсэн. Хэлэлцээр үргэлжилж  байгаа. Хэрвээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлэхгүй гэвэл Хятадын банкнаас гарах 400 орчим сая ам.долларын санхүүжилтээс гаргаж асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

САНГИЙН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН 36 САРЫН 1 УДААГИЙН ТЭТГЭМЖ 2017 ОНД 87,6 ТЭРБУМААР ТӨСӨВЛӨСӨН

Төрийн албан хаагч хууль тогтоомжийн дагуу тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж болох 36 хүртэлх сарын тэтгэмж авдаг. Мөн багш, эмч нар хөдөө орон нутагт ажилласан тохиолдолд 5 жил тутамд нэг удаа 6-5 хүртэлх жилийн тэтгэмжийг олгодог. Энэ тэтгэмжийг 2017 онд 87,6 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Мөн хувийн сургууль цэцэрлэгт хувьсах зардлыг төсвөөс олгодог. Үүнд боловсролын хуулиар ЕБС-ийг төсвөөс төлбөргүй болгоно гэсэн заалтын дагуу олгодог.