Б.Чойжилсүрэн: 2017 оны 4 дүгээр улирлаас эдийн засаг сэргэхээр байна
Сангийн сайд Б.Чойжилсүрэн
2017.04.06

Б.Чойжилсүрэн: 2017 оны 4 дүгээр улирлаас эдийн засаг сэргэхээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийн үзэл баримтлалыг уншиж танилцуулсан юм.

Б.Чойжилсүрэн: Манай Засгийн газар уналтыг зогсоож чадлаа

Засгийн газар байгуулагдсан 8 сарын хугацаанд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр амжилттай тохиролцож, 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр нэгдсэн байр сууринд хүрснээ олон нийтэд зарлалаа.

Хэлэлцээр нилээд амаргүй хүнд нөхцөлд явагдсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын орон тоог 20 хувиар цомхотгох, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг 12 сар болгон бууруулах, НӨАТ-ыг одоогийн мөрдөгдөж буй 10 хувийг 13 хувь болгон нэмэгдүүлэх гэх мэт нөхцлүүд багтаж байсныг дурдах хэрэгтэй.

ОУВС-тай хөтөлбөрт хамрагдахаар тохиролцож чадсанаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах итгэл сэргэж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар бодлогын гурван арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Үүнд,

- Төсвийн бодлогын хүрээнд хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн 2017 оны төсвийн тодотголыг 2017 оны 4 дүгээр сарын эхний хагаст багтаан УИХ-аар батлуулах

- Банк, санхүүгийн бодлогын хүрээнд Монголбанк, ОУВС-тай тохиролцсоны дагуу банкны активын үнэлгээ хийх

- Мөнгөний бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүгийн эргэн төлөлтөөс санхүүжиж буй хэсгийг төсөвт тусгах зэрэг болно.

Монгол Улсын Хөгжлийн банк 2012 оны 3 дугаар сард олон улсын санхүүгийн зах зээлд 580 сая ам.долларын Евро бондыг 5 жилийн хугацаатай, жилийн 5,75 хувийн хүүтэйтэйгээр анхлан гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөх хугацаа нь графикийн дагуу энэ оны 3 дугаар сарын 21-нд дуусах төлөх байсан бөгөөд уг төлбөрийг шууд хийх нь төсвийн алдагдал ихэссэн, гадаад валютын нөөц багассан үед эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэний үндсэн дээр ОУВС, хөрөнгө оруулагчидтай зөвшилцөж, шинээр Хуралдай бондыг гарган, хөрөнгө оруулагчдад амжилттай арилжин, тулгамдсан өрийг асуудлыг шийдвэрлэснийг онцлох тэмдэглэх хэрэгтэй.

Хуралдай бонд нь 8,75 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай бөгөөд 476 сая ам.долларын хэмжээтэй юм. Харин үлдсэн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн 131,5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний Засгийн газрын шинэ бонд борлуулахаар олон улсын санхүүгийн зах зээлд зарлахад нийт 3,3 тэрбум ам.доллар буюу 27 дахин их дүнтэй санал ирж, 7 жилийн хугацаатай, жилийн бодит хүү нь 7,625 хүүтэйгээр борлуулж чадлаа.

Монгол Улс 2016 оны хавар олон улсын санхүүгийн зах зээл дээр 5 жилийн хугацаатай, 10,875 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулахад илүү урт хугацаатай энэхүү бондыг 3,25 нэгжээр бага хүүтэй гаргалаа.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар урьдчилан тохиролцсонтой холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн бөгөөд энэ арга хэмжээ нь цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын бага орлоготой, зорилтот бүлэгт шилжүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уях, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчим баримтлан дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа.

Орлогын талаар

- Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Онцгой албан татварын хуулиар шатахууны онцгой албан татварын дээд, доод хязгаарыг УИХ баталж, баталсан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох эрхтэй байдаг.

Өнгөрсөн оны сүүлч болон энэ оны эхээр гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өсөж, гадаад валютын ханш хэт их хэлбэлзэлтэй байснаас болж шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл бий болсон. Үүнийг Засгийн газар тухай үед зохицуулж, шатахууны онцгой албан татварыг гурван удаа бууруулаад байна. Сүүлийн хоёр удаагийн бууралтыг 2017 оны 7 дугаар сарын 1 болон 10 дугаар сарын 1-нээс үе шаттайгаар буцаан ногдуулахаар тооцсон.

Засгийн газраас шатахууны онцгой албан татварыг үе шаттайгаар буцаан ногдуулахдаа импортоор орж ирж буй хилийн үнэтэй уялдуулан аль болох жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилт тавьж ажиллана.

- Хувь хүний орлогын түвшнээс хамааруулж, шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх

- Монгол Улсын нийт ажиллагсадын дундаж цалин одоогийн байдлаар 800 мянга гаруй төгрөг байна. Бидний сонгосон эхний босго бол 1,5 сая төгрөгөөс дээш цалин бөгөөд одоогийн дундаж цалингаас хоёр дахин их дүн юм. Иймд 1,5 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хөдөлмөр эрхлэгчид болох нийт ажиллагсадын 95 хувийг доод шатлалд буюу 10 хувийг хэвээр үлдээж байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2006 онд шинэчлэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 84 мянган төгрөг байсан. Энэ үеэс нэмэгдсээр өнөөдөр 240 мянган төгрөг болж өссөн байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөнгөлөгдөх татварын 84 мянгаас 240 мянга болгох ажлыг үе шаттайгаар хуулийн төсөлд тусгасан. Энэ арга хэмжээ нь татвар ногдох орлогыг нэмэгдүүлэх биш эсрэгээр нь бууруулах алхам болно.

- Автомашин эзэмшигчдийн жил бүр төлдөг татвар төлбөрийг нэмэгдүүлэлгүйгээр зөвхөн импортоор оруулж ирж буй суудлын автомашины нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэх

Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулан ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тооцлоо. Хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно.

- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хадгаламжийн хүүгийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулах байсныг 8 сараар урагшлуулж, энэ оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцсон.

- Импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд буюу 30 хүртэл хувьд хүргэхээр тооцлоо.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, согтууруулах ундаа, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг 2018 онд 10 хувь, 2019, 2020 онд тус бүр 5 хувь нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа.

- Тэтгэврийн даатгал төлөх шимтгэлийн хэмжээг нийт 5 хувиар гурван жилийн дотор үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ажил олгогч болон ажилтны төлөх шимтгэлийг 2017-2020 он хүртэл жил бүр 0,5-1 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон.

Манай улсын тэтгэврийн сан олон жил алдагдалтай ажиллаж ирсний бид бүгд мэднэ. Алдагдлыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн бүрдүүлсэн орлогоос нөхөх замаар өнөөдрийг хүртэл явж ирлээ. Тэтгэврийн сан зардлаа бүрэн санхүүжүүлдэг болохын тулд одоогийн 14 хувийн шимтгэлийг 20-22 хувь болгон нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Гэвч ингэж нэмэгдүүлэх нь ажил олгогч, даатгуулагчийн хувьд хэтэрхий хүнд ачаа болох тул боломжгүй, шимтгэлийг огцом бус аажмаар нэмэгдүүлснээр бизнест учрах дарамтыг харьцангуй багасгах боломжтой гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тогтолцоог үндсээр нь засварлаж, шинэчлэхгүй бол нийгмийн даатгалын системийн шинжтэй хямрал зайлшгүй үүсэх нөхцөл үүсээд байна.

Зарлагын талаар:

- Тэтгэврийн насыг хүн амын дундаж насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэврийн насыг 2027 онд, эмэгтэй хүний тэтгэврийн насыг 2037 онд 65 насанд хүргэхээр тусгалаа.

Сүүлийн арван жилд хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар өссөн байна. Иймд дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангахын тулд тэтгэврийн насыг аажмаар нэмж, ахмад настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг авч буй тэтгэврийн хэмжээтэй уяж, зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байна. 

- Цалингийн хэмжээг 2017-2018 онуудад одоогийн түвшинд хадгалж, 2019 он дуустал эрүүл мэнд, цагдаа, боловсрол, Онцгой байдлын салбарт хоёр хүн ажлаас чөлөөлөгдсөн бол оронд нэг хүн ажилд авах, бусад салбарт нөхөн томилгоо хийхгүй байх.

Байгууллагын ачааллыг нягтруулж, ажлын орон тоогоо дотооддоо шийдэх уян хатан нөхцлөөр хангана. Харин эдийн засаг сэргэх үед огцом бус тухайн үеийн инфляцитай уялдуулан ажлын байрыг аажмаар жил бүр нэмэгдүүлэх

- Шинээр төсөвт ачаалал үүсгэх хууль тогтоомж батлахгүй байх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг хүчингүй болгох, хэрэгжилтийг хойшлуулах, батлагдсан төсөв орон тоонд багтаан дахин хуваарилалт хэлбэрээр хэрэгжүүлэхээр тооцлоо.

- Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно. Хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, 2019 онд нөхөн олгохгүй байх хэмнэгдсэн мөнгийг хоолны талон олгох хөтөлбөр болон зарим хөтөлбөрийг нэгтгэх

- Одоо олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулахгүйгээр “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

Нийгмийн халамжийн төрлийг нягтруулж, зорилтот бүлэгт чиглүүлж, үе шаттайгаар зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нэн тэргүүнд анхаарна.

- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдсан Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг улсын төсөвт шилжүүлэх, 2018 оноос эхлэн Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг зогсооно.

- ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зохистой харьцааг хангах зорилгоор хөтөлбөр хэрэгжих хугацаанд үндсэн тэнцэл нь ашигтай аймгуудаас улсын төсөвт төвлөрүүлэх хувь хэмжээг өөрчлөх түр зуурын арга хэмжээ авна.

- Сангийн яам, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сумдын орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн дүнд үндэслэн нийт 154 суманд 7,1 тэрбум төгрөгийн урамшуулал олгох зэрэг арга хэмжээг тусгалаа.

Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 15,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 789,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33,7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2 их наяд 774,1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10,6 хувьтай тэнцэж байна.

Манай Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоож чадлаа. Дотоодын үйлдвэрлэл 50 хувиар өсөж, ажилгүй иргэдийн тоо 3 хувиар буураад байна. Макро эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирч байгаа нь Засгийн газраас оновчтой бодлогыг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүн гэж харж байна. 2017 оны 4 дүгээр улирлаас эхлэн эдийн засагт сэргэлт ажиглагдахаар байгаа бөгөөд 2018 онд эдийн засаг 1,8 хувиар өсөхөөр байна.