УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
2017.04.12

Д.Эрдэнэбат: Айл өрх, албан байгууллага бүрт хүндэдсэн төсөв учраас эргэн харах шаардлагатай

Төсвийн тодотголтой холбогдуулан хоёр, гурав дахь асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авах хүсэлтээ УИХ-ын даргад уламжилсан.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "ОУВС-тай холбоотой асуудлыг туйлшруулах гэсэнгүй. Гол нь төсвийн тодотголыг дахин нухацтай авч үзэх шаардлагатай байна" гэлээ.

Тэрээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 4 дүгээр сарын 28-нд хуралдах учраас бидэнд цагт баригдах шаардлагагүй гэж үзэж байна. Маргааш тус бүлэг ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзан, татвар болон тэтгэврийн насыг нэмэх тухай ОУВС-гаас тулган шаардаад байна уу, Засгийн газар ОУВС-гийн нэрийг бариад байгаа юм уу гэдгийг тодруулахаар болжээ.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед улсын төсөв, санхүү, эдийн засгаа хэнд даатгах уу гэдэг нь Монгол Улсын хувь заяаны асуудал учраас нухацтай ярилцах ёстой гээд дараах найман үндэслэлээр завсарлага авахыг хүссэн юм.  

  1. ОУВС-гийн өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна.
  2. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн хүндрэлтэй байсан 1 сая 100 мянган хүүхдэд 223 тэрбум төгрөг олгож болоод байсан. Одоо ОУВС-гийн шаардлагаар гэх нэрийн дор Хүүхдийн мөнгийг тодорхой хувиар танаж, нийт хүүхдийн биш өрхийн гэсэн ойлгомжгүй тодорхойлолтыг оруулж ирж байна. Тэгсэн атлаа Сайд нарын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг бид зайлшгүй эргэн харах ёстой гэж үзэж байна.
  3. Тэтгэврийн насыг 65-т хүргэж, дэлхийн жишигтэй нийцүүлэх гэдэг дээр маш олон эргэлзээ төрүүлж, иргэд маш их бухимдаж байна. Монголын хүн амын дундаж наслалт 65 байдаг. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, ажилгүйдлийн түвшин өндөр, үйлдвэрлэл сул хөгжсөн орон учраас дэлхийн жишигт нийцүүлж тэтгэврийн насаа нэмэх үү, үгүй юу гэдгээ зайлгүй эргэн харах ёстой.
  4. Импортын онцгой албан татварт ард түмний унаа болсон приус машиныг онцгой албан татвар хамруулахаар төсвийн тодотголд тусгасан байна. 0-3 жил буюу шинэ приус машинд гэхэд 375 мянган төгрөгөөс 5 сая төгрөгийн импортын онцгой албан татвар төлөхөөр байгааг залруулах нь зүйтэй гэж үзэж байна.
  5. Иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдэж байна. Цалингийн хэмжээг гурван жил нэмэхгүй царцаана гэж хэлчихээд татварын шаталсан системийг нэвтрүүлж, жилд 42 сая төгрөгөөс дээш орлоготой иргэнээс орлогын албан татвар гэж 25 хувийг нь авах нь зөв үү, буруу юу гэдгийг нягтлах шаардлагатай.
  6. Эдийн засгийн хямралтай үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь буруу. Энэ бол аж ахуйн нэгжид маш их ачаалал болж очихоор байна.
  7. ОУВС-гаас орлогоо нэмэгдүүлж, зардлаа хас, төсвийн алдагдлаа бууруул гэсэн шаардлага тавьсан байхад төсвийн тодотголд эсрэгээрээ орлого нь хасагдаж, зарлага болон алдагдал нь нэмэгдсэн нь зохисгүй. ОУВС-гийн хамгийн гол зарчмын шаардлагыг хангаагүй төсвийн тодотголын төсөл байна гэж үзлээ.
  8. Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гадаадад боловсрол эзэмшиж буй 450 гаруй цэргийн албан хаагчийг сургах боломжгүй хуулийн төсөл оруулж ирсэн байна.