Гүржийн экс-ерөнхийлөгчийг Гүржийн иргэншлээс хасав
2015.12.08

Гүржийн экс-ерөнхийлөгчийг Гүржийн иргэншлээс хасав

Гүржийн Ерөнхийлөгч  Георгий Маргвелашвили тус улсын ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн амбан захирагч Михаил Саакашвилийг Гүржийн иргэншлээс хасах тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тухай Оросын ТАСС агентлаг мэдээллээ. Саакашвилигийн иргэншлийг хасах тухай өмнө нь Гүржийн Хууль зүйн сайд ч хэлж байв.

Саакашвилид Украины иргэншил олгосонтой холбоотой түүнийг Гүржийн иргэншлээс хасах үйл явц өнгөрөгч 10 дугаар сарын 30-наас эхэлжээ. Тэгээд ч тус улсын хуулиар хоёр иргэншилтэй байхыг хориглодог байна.

11 дүгээр сарын 3-нд Саакашвилид холбогдох албан шийдвэрийг хүргүүлж сарын хугацаанд шийдвэрээ гаргахыг санал болгов.

Хариуд нь Саакашвили Гүржийн эрх баригчид түүнийг дараагийн сонгуульд оролцох боломжгүй болгохын тулд “Оросын заавраар” хөдөлж байна гэж буруушаав.

Энэ оны тавдугаар сард Саакашвили Одесс мужийн амбан захирагчаар томилогдсон. Үүний өмнөхөн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тушаалаар түүнд Украины иргэншил олгосон юм.

Михаил Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа АНУ-ын  Тафтсын Их сургуулийн Эрх зүй, дипломатын сургуульд багшилж байв. Гүржид буцаж очоогүй бөгөөд Гүржийн хуулийн байгууллагынхан түүний эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.