МАН улстөрийн зориг гаргаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах л ёстой
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, улмаар хуулийн хугацаандаа амжин улсын төсвийг баталсан билээ.
Хэдийгээр Сангийн яамнаас 2016 оны төсвийг алдагдалгүй болгох төсөл оруулж ирсэн ч УИХ дээр олон дахин задарч жилийн жилд давтагдсаар байгаа нэг их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдав. Ялангуяа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хамаарагддаг боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлаас бусад газрын цалингийн санг 10 хувиар бууруулах төсөл орж ирсэн нь багагүй маргаан дэгдээсэн.
Хууль тогтоогчид багагүй маргаж, мэтгэлцсээр Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдахаас арай өмнөхөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Д.Батцогттой уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны улсын төсвийг батлахаар гурав дахь хэлэлцүүлэг явж байна. Хуулийн хугацаандаа баталж амжих болов уу?
-Хуулийн хугацаандаа буюу энэ сарын 15-ны дотор төсвөө батлах үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүд тал талаас нь нухацтай судлаж, хэлэлцүүлэг өрнөөд явж байна. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах хариуцлагатай цаг ирээд байна. Гишүүдийн идэвх санаачлага, оролцоо сайн байгаа тул хугацаандаа батлагдах байх аа.
-Энэ парламентын гол ажлын нэг гэж хэлж болох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ид яригдаж байна. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсантай холбогдон нийгэмд багагүй маргаан, мэтгэлцээн үүсээд байгаа. Таны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх талд байна уу, эсвэл?
-Мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гишүүдийн нэг нь би. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол энэ УИХ-ын хүрээнд яриад л өнөөдөр өргөн барьчихаад байгаа асуудал биш шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлт гэдгээс хойш хэдэн ч жил ярив даа. Энэ УИХ-ын хувьд анхны ажлын хэсэг 2013 онд байгуулагдсан ч дараа нь өөрчлөгдөж өнөөдрийн ажлын хэсэг байгуулагдсан юм. Учир нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж байсан УИХ-д суудалтай намуудын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, нэлээн даацтай судалгаа хийж, олон ч хэлэлцүүлэг явуулан тал талаас нь сайтар нягталсны үндсэн дээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө УИХ-ын даргад өргөн бариад байна.
УИХ-ын бүх л гишүүний адил миний бие ч тойрогтоо очиж ажиллах бүртээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай, ямар ямар өөрчлөлт оруулвал зохих талаар ард иргэдийнхээ санал бодлыг ч багагүй сонсож, түүнийгээ ч ажлын хэсгийн гишүүдэд дуулгаж байсан. Нэлээн сайн судлаж, ард иргэдийнхээ санаа бодлыг ч боломжийн хэмжээнд тусгасан болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж үзэж байна.
-Сонгуулиас зургаан сарын өмнө буюу 2015 онд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжих уу. Ялангуяа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуульд яарч сандран өөрчлөлт оруулахыг эсэргүүцнэ гэж байгаа өнөөдрийн нөхцөлд хэл амаа ололцох боломжтой юу?
-Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэж хамгийн их шахаж, шаардаж байсан хүмүүс бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүү дээ. Одоо болохоор “Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй, хуулийн хугацаанд амжихгүй” гэсэн юм яриад байгаа. Хэрвээ Монголын улстөрийг гацаанд оруулж, засаглалын хямрал руу түлхэж байгаа өнөөдрийн гажуудлыг засъя, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л өнөөдрийн хүндрэлээс гарна гэж үнэхээр л хүсч байвал хуулийнхаа хугацаанд амжих цаг бололцоо бүрэн байгаа юм.
Монголчууд хэзээнээсээ “Хийе гэсэн хүнд арга олдоно, хийгүй гэсэн хүнд шалтаг олдоно” гэж ярьдаг шүү дээ. Үндсэн хууль бол Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон хамгийн гол хууль юм. Тухайлбал АН-ын юмуу, МАН-ын, бусад намын Үндсэн хууль гэж байхгүй л дээ. Тэгэхээр энэ асуудалд тал талаасаа хүсэл зорилгоо нэгтгэж, бодол санаагаа уралдуулж байгаад өөрчлөлт оруулахад хүндрэл үүсээд байх зүйлгүй л гэж бодож байна. Бид ярилцаад энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдье гэсэн ч зөвхөн төсөв хэлэлцсээр байгаад таарлаа. Мэдээж ирэх долоо хоногт энэ асуудлыг эцэслэн шийдэж таарна. Ард нийтийн санал асуулгаас өмнө Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө УИХ дээр сайтар ярилцаж тогтсон байх учиртай юм.
Хэрвээ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийг зарчмын хувьд тохиролцож, ард нийтийн санал асуулга явуулахаар болвол УИХ-ын чуулганыг түр завсарлуулаад, гишүүд тойрог дээрээ ажиллаж сонгогчдынхоо санал бодлыг сонсож нэгтгэх ёстой болно. Харин нам намаараа хуваагдалгүй бүх тойрог дээр ард иргэд, сонгогчдынхоо санал бодлыг бүрэн сонсож, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь л энэ богинохон хугацаанд амжуулах ёстой ажил юм. Харин энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулж амжихгүй болж байгаа тул дараагийн хугацааг л даруйхан товлох шаардлагатай.
-Одоогоор Монголын нийгэм УИХ-ын гишүүдийн тоо 99 болж, таван жилийн хугацаагаар сонгогддог болох юм байна, Ерөнхийлөгчийг ард нийтээс биш УИХ-аас томилдог болох юм байна, Ерөнхий сайд маш их эрх мэдэлтэй болох юм байна гэсэн л ойлголттой болоод байгаа. Ер нь өнгөрсөн 25 жилд олигтой төлөвшиж чадаагүй УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлэх шаардлага байна уу?
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Д.Батцогт
-Ер нь бол УИХ болон нийт ард иргэдийн дунд яригдаж байсан, тэдгээр өөрчлөлтүүдийг хийж болох юм гэсэн сэтгэлзүй нэгэнт бүрдчихсэн байсан өөрчлөлтүүдийг л өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэдэгтэй л адилхан өөрчлөлт шүү дээ. Ард нийтийн санал асуулга явуулаад, ард түмнээ сонссоны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг үнэхээр дэмжихгүй гэвэл заавал өөрчлөлт оруулах шаардлагагүй.
Эцсийн эцэст бид олонхийн шийдвэрийг хүндэтгэдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа л юм бол ард түмнийхээ шийдвэрийг дагах нь зүйн хэрэг. Өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд байгаа УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, хугацааг нь таван жил болгоё гэсэн нь зүгээр л Монголын нийгэмд яригдаж байгаа асуудлыг л бид оруулсан хэрэг юм. Сүүлийн үед ямар чиг хандлага ажиглагдаж байна вэ гэвэл УИХ-д суудалтай бүх нам, эвслүүд харилцан ярилцаж, санал нэгдэж байж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулна шүү дээ.
Сайтар зөвшилцөж, бүгдээрээ санал нэгдсэн заалтуудаа л өөрчилье гэж байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж олонхиороо шийдвэл заавал нэмэх гэж улайраад байхгүй шүү дээ. Мөн Ерөнхийлөгчийн тухайд ч УИХ-аас сонгох нь учир дутагдалтай, ард нийтийн сонгуулиар тодруулах ёстой гэвэл хуучнаараа л явна. Харин зайлшгүй өөрчлөлт оруулах цаг нь болчихоод байгаа хэд хэдэн заалт байгаа юм. Тухайлбал Монгол Улс хот, тосгоныхоо асуудлыг яаралтай нэг тийш нь болгож шийдэх цаг болсон. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар гэдэг ганцхан хоттой болчихсон.
Бусад нь бүгд сумын төв. Жишээ нь Эрдэнэт, Дархан, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гээд баахан сумын төв байна. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд аймаг доторх хот гэдэг ойлголтыг бий болгож, аймгийн төвүүдээ хот болгон хотын статусаар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дархан Эрдэнэт хотуудаа Улаанбаатарын хэмжээнд аваачиж, үндэсний хэмжээний томоохон хот болгохын тулд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай. Хөдөө орон нутагт нам намаараа хуваагдсан, хэрээс хэтэрсэн улстөржилт, намчирхалт газар авч, хот суурингаас илүүтэй сум, багт улстөрийн тэмцэл өрнөдөг болоод байгаа нь нөгөө л Үндсэн хуулийн зайлшгүй засах шаардлагтай гажуудалтай холбоотой юм.
Аймаг, хотын түвшинд бол улстөрийн намаараа асуудлаа шийдээд явж болно. Тэгэхээр хөдөө сумдыг улстөржүүлж, талцуулдаг гол гажуудал болсон сумын Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог болохын тулд Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагтай байгаа юм.
-Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх ёстой хэмээн Ерөнхийлөгчөөсөө эхлэн баахан маргалдаад шийдэж чадахгүй байгаа. Уг нь энэ асуудлыг яаралтай нэг тийш болгочихмоор л байгаа юм?
-Тийм л дээ. Өнөөдөр 76-хан гишүүнтэй ийм жижиг парламентын хувьд арван хэдэн гишүүн нь Засгийн газарт яваад орчихоор яах аргагүй Засгийн газар нь УИХ-ынхаа дээр нь гарчихсан юм шиг харагдаад байгаа нь үнэн. Энэ асуудлыг төгс байдлаар нь шийдэхийн тулд дахиад л Үндсэн хуульд зоригтой өөрчлөлт оруулахаас өөр ямар ч арга байхгүй. Түүнээс гадна өнөөдрийн засаг төрийн тогтолцоо ерөөсөө л болохгүй, алхам тутамдаа гацаанд ороод байгаа нь хэн бүхэнд тодорхой болчихсон асуудал шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бид хэдэн Засгийн газраа хугацаанаас нь өмнө огцруулав.
Огцруулаад юу хожив, ямар хөгжил дэвшилд хүрэв. Өнөөдөр бидэнд үлдсэн хамгийн том сургамж бол гүйцэтгэх засаглалын тэргүүнд нэлээн сайн эрх дарх олгох, танхимынхаа сайд нарыг өөрөө сонгон бүрдүүлдэг болох зайлшгүй шаардлагатай юм байна, сайд нарынхаа гуравны хоёрыг парламентын гаднаас томилох ёстой гэх мэт өөрчлөлтүүдийг гагцхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх боломжтой юм. Засгийн газар бодлогоо гаргасан бол бүх талаар хүчтэй ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх л шаардлагатай.
Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг өөрөө томилдог, хариуцлага алдвал өөрөө огцруулдаг, бүх хариуцлагыг өөр дээрээ авснаар дараа нь асуудал ярихад ч барьцтай болно шүү дээ. Тэгж байж л Засгийн газар жинхэнэ утгаараа танхимын зарчмаар ажиллаж, сахилга хариуцлага нь ч сайжрах болно. Одоо бол бараг л хоёр долоо хоног болоод л Засгийн газрын аль нэг сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын хэн нэгэн гишүүн оруулаад ирж байгаа. Нөгөөх нь ч яаж сайдынхаа суудалд тэсч үлдэх вэ, хэнийг өөртөө татах вэ гэж бодохоос өөр юм толгойд нь орж ирэхгүй болохоор олигтой ажиллаж чадахгүй. Тэгээд ч иймэрхүү сайд нартай Засгийн газар яаж тогтвортой, амжилттай ажиллаж чадах вэ дээ. Гэх мэтчилэн Үндсэн хуульд зайлшгүй оруулах шаардлагатай хэд хэдэн өөрчлөлт байгаа юм.Миний харж байгаагаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Монголын ард түмний олонх нь дэмжих нь тодорхой.
-Уг нь ард нийтийн санал асуулгатай асуулгагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь энэ УИХ-д бий шүү дээ?
-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ бас нэг зовлон байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл ирэх жил УИХ-ын сонгууль болох гэж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар манай намд ямар ашигтай, ямар хор нөлөөтэй вэ гэдэг дээр л УИХ-ын гишүүд талцаж маргалдаад байгаа нь хамгийн гол саад болж байна. Энэ ч учраас ард нийтийн санал асуулга явуулаад шийдчихье гэж байгаа юм. Товчхондоо УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Сонгуулийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал манай нам ялагдаж болзошгүй” гэж хэтэрхий болгоомжлоод байгаагаас л жаахан хүндрэл үүсч магадгүй болоод байна.
Үнэхээр л тогтолцооны гажуудлаас болоод улстөр гацаанд орж, улс орны хөгжил зогслоо гэж бодож л байгаа бол МАН улстөрийн зориг гаргаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах л ёстой. Одоо намын явцуу эрх ашгаас илүү Монгол Улсын ирээдүй, язгуур эрх ашгийг бодох цаг болсон.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна Сонгуулийн хуулийн гурван ч өөр төсөл УИХ дээр явж байгаа гэх юм. Тэр ямар учиртай юм бол?
-Нэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэг нэлээн удаан хугацаанд ажиллаж хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан байгаа. Дараа нь МАН-ын Су.Батболд нарын гишүүд санаачилж, парламентын гаднах улстөрийн намуудын оролцоотойгоор боловсруулсан хуулийн төсөл явж байгаа. Мөн Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл явж байгаа. Тэгэхээр эдгээр гурван хуулийн төсөлд зарчмын сүйдтэй ялгаатай зүйл огт байхгүй. Үндсэндээ Сонгуулийн хуульд оруулах гол гол өөрчлөлтүүд дээр намууд санал нэгдчихсэн байгаа.
Гол асуудал нь тойргоо жижиглэх үү, намын жагсаалт байх уу байхгүй юу гэдэг дээр л тойрч маргалдаад байгаа юм. Ард иргэдийн зүгээс бол намын жагсаалтыг болиул л гэж байгаа. Энэ долоо хоногийн Төрийн байгуулалттын байнгын хороогоор Сонгуулийн хуулийг хэлэлцээд УИХ албан ёсоор хүлээж авах юм. Харин дараа нь дээрх гурван хуулийн төслөөс алийг нь хэлэлцэхээ УИХ дээр шийдээд явчих боломжтой юм. Ер нь бол Сонгуулийн хуулийг батлах хугацаа хангалттай байгаа. Төсвөө баталсны дараа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн хууль зэрэг гол гол хуулиудаа хэлэлцээд явах цаг хангалттай гарна гэж бодож байна.