Исламын бүлэг өөрийн валюттай болов
2015.06.24

Исламын бүлэг өөрийн валюттай болов

Исламын бүлэг өөрсдийн валютыг гаргаж эхэлсэн талаар The Telegraph мэдээлэв. Нэг алтан динар 139  ам.доллартай тэнцэх ажээ. 

Террорист бүлэглэлийн анхны зоосон мөнгөний зургуудыг бүлэглэлийн нэгэн гишүүн өөрийн твиттер хуудсандаа тавьжээ. Динарын нэг тал нь араб бичигтэй, нөгөө тал нь дэлхийн газрын зурагтай. Мөн 7 ширхэг буудайн үрийг дүрсэлжээ. The Mirror сонинд бичсэнээр мөнгөн тэмдэгт ойрын хугацаанд эргэлтэнд орох ажээ. 

Зэвсэгт бүлэглэл өөрийн валюттай болох тухайгаа өнгөрсөн оны 11 сард мэдэгдэж байсан. Зорилго нь АНУ-ын санхүүгийн системээс татгалзах. Тэр үед алан хядагчид эртний лалын үед хэрэглэж байсан динарыг сэргээж магадгүй тухай мэдээлж байв. Динарыг алт, мөнгө, зэсээр цутгах ажээ. Үүнээс 2 нь алт, 3 нь мөнгө, 2 нь зэс, нийтдээ долоон төрлийн зоос байх аж.

Эдүгээ динар нь Алжир, Бахрейн, Иран, Ирак, Иордани, Кувейт, Ливи, Серби, Тунис, Македоний БНУ-ын албан ёсны мөнгөн тэмдэгт юм. Эдгээр улсад динарыг хольцтой металлаар цутгадаг.