Нүүрсний аж үйлдвэрийн ирээдүй
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болохтой зэрэгцэн 20 дугаар зууны туршид хамгийн хэрэгцээтэй байсан нүүрсний талаар маргаан намжихгүй байна. Экологочид хүн төрөлхтөн эрүүл орчинд амьдаръя гэж байгаа бол нүүрснээс татгалзах хэрэгтэй гэдэг. Зарим экспертүүд ойрын жилүүдэд нүүрсний хэрэглээ багасна гэж үзэж байхад хэдэн арван жилийн дараа нүүрс нь газрын тосноос дутахгүй чухал нөөц болно гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Хэнийх нь таамаглал үнэнд ойртохыг бүгдээрээ сонирхоё
Аж үйлдвэр дэх нүүрсний үүрэг
Дэлхийд олборлож буй нийт нүүрсний талаас илүүг ямар нэг хэлбэрээр түлш болгон ашигладаг. Голдуу дулааны цахилгаан станциудад шатааж хэрэглэнэ. Дөрөвний нэгийг химийн үйлдвэрт ашиглаж бий болсон коксыг ширэм хайлуулахад хэрэглэдэг.
Нүүрсийг 400 орчим төрлийн бараа үйлдвэрлэхэд ашигладаг байна. Чулуун нүүрсний давирхай болон давирхайжсан уснаас бензол, аммиак, фенол зэрэг будаг, лаак, линолеум, резин хийхэд ашигладаг нэгдлүүдийг гаргаж авдаг. Нүүрсийг гүн боловсруулснаар цайр, хар тугалга, молибден, германи зэрэг ховор металлуудыг бий болгодог.
Нүүрсний үнс нь хүртэл үнэ цэнтэй. Үнсийг керамик зэрэг барилгын материал бэлдэхэд ашигладаг.
Чулуун нүүрснээс гаргаж авдаг бүтээгдэхүүн.
Нөөц
Манай гарагийн нүүрсний нөөц 860 тэрбум тонн. Эрдэмтдийн тооцоолсноор энэ нөөц 200 жилд хүрэлцээтэй. Энэ нь байгалийн хий, газрын тостой харьцуулвал том нөөц. Гэвч нүүрс нь төрлөөсөө хамаараад үнийн хувьд эрс ялгаатай.
Эрчим хүчний нүүрс
Энэ ангилалд антрацит, хүрэн нүүрс орох бөгөөд голдуу дулааны цахилгаан станцид ашигладаг. Энэ төрлөөс хамгийн үнэтэй нь болох антрацит нийт нөөцийн зөвхөн 1 хувийг эзэлдэг. Антрацит дулаан сайн ялгаруулдаг, бараг утаа гаргахгүйгээр хурдан шатдаг. Антрацитыг цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн тогоо, карбид, цахиур, хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашигладаг байна.
Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна.
Хүрэн нүүрс нь баталгаажсан нийт нөөцийн 50 хувийг эзэлдэг. Гэхдээ үнэ бага. Их хэмжээний ус агуулдаг, нүүрс устөрөгчийн агууламж бага. Тиймээс энэ төрлийн нүүрсийг зөвхөн үйлдвэрийн жижиг тогоонд ашиглана. Дулааны станцид шатаахдаа өндөр чанарын нүүрстэй хольдог.
Коксжсон нүүрс
Коксжсон нүүрсийг голдуу металлургийн салбарт металл, төмрийн хүдрийг хайлуулахад ашигладаг. Орд газар нь харьцангуй цөөн. Дэлхий дээр буй 860 тэрбум тонн нүүрсний 800 нь 10 улсын нутаг дэвсгэрт байдаг. Судлагдсан нөөцөөрөө эхний гуравт АНУ, Хятад, Орос ордог. Дараа нь Австрали, Энэтхэг, Герман, Украйн, ӨАБНУ, Серби орно.
Дэлхийн нүүрсний нөөц. /тэрбум тонноор/. Эх сурвалж: pronedra.ru
Чулуун нүүрсний олборлолт
Судалгаанаас харахад Европт нүүрсний олборлолт жил ирэх тутам багасч байна. Энэ нь Европын холбооны улсуудад Экологийн тухай хатуу хуулиуд батлагдсантай холбоотой. Түүнчлэн бага хэмжээний гүнд байх нүүрсний нөөц шавхагдсан нь нөлөөлжээ.
Эх сурвалж: pronedra.ru
Мөн сүүлийн жилүүдэд АНУ-д нүүрсний олборлолт буурч байна. Энэ нь нүүрсний эрэлт багассан, байгалийн хийн үнэ буурсан, олонхи уурхайнууд ашиггүй ажиллаж байгаатай холбоотой аж. Шинжээчдийн үзэж буйгаар энэ хандлага ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ. АНУ-ын Patriot Coal, James River зэрэг нүүрс олборлогч том компаниуд дампуурлаа хэдийнэ зарласан. Мөн нүүрс олборлолтоор дэлхийд 2-т ордог Америкийн Arch Coal компани алдагдалтай ажиллаж байна. Олборлолтын хэмжээ 2025 он гэхэд 13 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.
Нүүрсний олборлолт тогтвортой өсч буй газар бол Ази Номхон далайн бүс нутаг. Энэ нь Хятад, Энэтхэг, Индонези, Австрали, ОХУ. Уг бүс нутагт аж үйлдвэрийн хөгжил ид явагдаж буй учраас нүүрсний зах зээл тогтмол байдаг. Тэгээд ч нүүрсний нөөц бусад тивтэй харьцуулахад бага учраас үнэтэй байх нь аргагүй.
Хүн төрөлхтөнд хэдий хэмжээний нүүрс хэрэгтэй вэ?
Өнөөдөр Хятад улс бүх олборлосон нүүрсний тал хувийг хэрэглэдэг. Яагаад гэвэл цахилгаан станциудын 70 хувь нь нүүрс шатаадаг.
2012 оны Дэлхийн нүүрсний хэрэглээ. /Сая тонноор/
Мэдээж их хэмжээний нүүрсний хэрэглээ экологийн хямралд хүргэнэ. Хятадын зарим хотод маск зүүхгүйгээр гудамжинд гарах боломжгүй. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаарын бохирдлоос болж жилд сая гаруй хятад иргэн нас бардаг ажээ.
Тиймээс Хятадын Засгийн газар хүссэн хүсээгүй нүүрсний хэрэглээг багасгахаас өөр аргагүй болж байна. 2014 онд Хятадын нүүрсний хэрэглээ 2,9 хувиар буурчээ. Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна гэж шинжээчид үзэж байна. Түүнээс гадна одоогоор ашиггүй ажиллаж байгаа нүүрс олборлогч 2000 жижиг компанийг татан буулгахаар болжээ. Энэ тухай Хятадын Нүүрс олборлогчдын үндэсний холбооны дарга 2014 оны намар мэдэгдэл хийсэн. Тэрээр нүүрсний салбарт ажилладаг компаниудын 70 хувь ашиггүй ажиллаж байгааг хэлсэн. 2020 он гэхэд Бээжингийн 6 дүүрэгт нүүрсний аж үйлдвэрийн үйл ажиллагааг хориглохоор төлөвлөж байна.
Харин Өмнөд Солонгос, Япон, Турк, Энэтхэг зэрэг Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодын орнуудад нүүрсний эрэлт өссөн хэвээр байна. Нүүрсний аж үйлдвэр цэцэглэх орон бол Энэтхэг. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой. Дэлхийн эрчим хүчний агентлагийн мэдэгдсэнээр 2025 он гэхэд Энэтхэг улс хэрэглээгээрээ хоёрт орж АНУ-ыг ардаа орхино.
Харин АНУ, ОХУ болон Европын орнуудад нүүрсний хэрэгцээ шинэ мянганы эхнээс багассаар иржээ.
Эх сурвалж: pronedra.ru
Нүүрсний үнийн өөрчлөлт, ирээдүйн таамаг
Шинжээчдийн үзэж буйгаар 2015 онд дэлхийд нүүрсний үнэ буурсан хэвээр байна. Австралийн хөрөнгө оруулалтын банк Macquarie-гийн үнэлгээгээр тонн нүүрсний үнэ 57 доллар хүртэл унана. Харин 2016 онд багахан хэмжээнд буюу 67 доллар хүртэл өснө. Өнөөг хүртэл нүүрсний үнэ байнга буурсаар ирсэн. 2013-2014 онд 90 доллараас 79 доллар болтлоо унасан. Коксжсон нүүрсний салбарт ч энэ хандлага ажиглагдаж байна. 2013-2014 онд 160 доллараас 125 доллар луу буужээ.
Дэлхий дээрх нүүрсний үнийн өөрчлөлт
Нүүрсний оргил үе өнгөрсөн үү?
Дэлхийн эрчим хүчний агентлаг ойрын хэдэн арван жилд нүүрсний аж үйлдвэр хэрхэн хөгжих талаар гурван хувилбар гаргажээ.
- Нүүрсний хэрэглээ өсч 2035 онд 70 хувьд хүрнэ
- 2020 он гэхэд экологийн шаардлагаас үүдэлтэй олонхи хөгжингүй оронд нүүрсний эрэлт эрс буурна
- Нүүрсний хэрэглээний оргил үе 2020 онд тохиох бөгөөд цаашдаа буцаад буурна
Одоогоор хамгийн магадлалтай нь гурав дахь хувилбар. Нүүрснээс үүдэлтэй экологийн хямрал, байгалийн хийн хямд үнэ зэрэг нь олонхи орны хувьд нүүрсний хэрэглээгээ багасгах гол шалтгаан болж байна. Азийн зарим оронд нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байгаа ч энэ нь дэлхий нийтийн нүүрсний хэрэглээний бууралтад нөлөөлж чадахгүй.
Нүүрсний компаниудыг аврах арга
Газрын тос, байгалийн хийтэй харьцуулахад нүүрс нь хямдхан түүхий эд. Тиймээс нүүрс олборлогч компаниудын олонхи нь маш бага ашигтай ажиллаж байна. Хүндрэлээс гарах цорын ганц арга бол нүүрсний гүн боловсруулалт. Ингэвэл бизнес ашгаа өгч эхэлнэ.
Нүүрсний компаниудыг аврах ганц гарц бол нүүрсний гүн боловсруулалт.
Экологийн өндөр шаардлагууд нь зарим тохиолдолд нүүрсний аж үйлдвэрийн хөгжилд саад болох бус, харин эсрэгээрээ соёлтой олборлолтыг бий болгоход түлхэц болно. Метаны хаягдлыг дахин боловсруулах замаар уурхайн хаягдлыг багасгаж, дараа нь бусад компаниудад квот борлуулах нь ашигтай бизнес болж хувирав. Иймэрхүү төслөөс олох ашиг нь хэдэн арван сая доллар.
Өөр нэгэн ирээдүйтэй технологи бол нүүрсийг хийжүүлэх. Украйны эрдэмтдийн тооцоолсноор Донбасст олборлож буй 2,5 тонн нүүрснээс 1000 куб метр нийлэгжсэн хий гаргах боломжтой аж.
Тэр байтугай нүүрсээр газрын тосыг орлуулж болно. ӨАБНУ-д нүүрсээр моторын тос хийдэг 100 гаруй үйлдвэр ажиллаж байна. Тус улсад ийм технологийг 1980-аад онд Барууны орнууд нефтийн бүтээгдэхүүнд хориг тавихад нэвтрүүлж эхэлжээ.