Хүйтэн дайнаас халуун дайн руу
Гуравдугаар сарын сүүлээр олон улсын амьдрал улам төвөгтэй болж ирлээ. Хэн нь ч буулт хийх бодолгүй байна. АНУ-ын Конгресс Украйнд цэргийн онгоц нийлүүлэхийг шаардсаар. Ойрхи Дорнодод шинэ дайн гарав. Ази тивийн нөгөө талд Зүүн өмнөд Азийн орнууд Хятадын санаархлын эсрэг зогсоход бэлдэж байна. НАТО Оросын хил орчим цэргийн сургуулилт хийх болов. Европын лидерүүд Москвад болох ялалтын баярт оролцохгүй гэдгээ ээлж дараалан мэдэгдэв.
НАТО толилуулж байна
10 аад хоногийн өмнө Молдавийн ерөнхий сайд Кирилл Габурич улс орондоо НАТО-гийн төлөөлөгчийн газрыг тун удахгүй нээх болсон тухайгаа мэдэгдсэн. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг зургадугаар сарын 1 нд Молдавийн нийслэл Кишневт очиход төлөөлөгчийн газар хэдийнэ ажиллаж байх ёстой. Гэтэл Молдавийн үндсэн хуулинд Молдав нь НАТО-гийн блокоос гадна байна гэж заасан.
Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн үйл ажиллагаа Оросын хилийн орчим улам идэвхжсэн. Юун түрүүнд НАТО холбоотнуудаа хамгаалахад бэлэн гэдгээ харуулахыг зорьж байна. Оростой дайтна гэдэгт итгэж буй хүн тун цөөн, энэ дайныг хүсч байгаа нь ч цөөн. НАТО-гийн цэргийн сургуулилт Оросынхтай харьцуулвал бага хүрээг хамарч байгаа. Тиймээс юу юугүй дайн болчихно гэж хэлэхэд өрөөсгөл.
Гэсэн ч байдал энэ хэвээр үргэлжилвэл НАТО-гийнхан өөрийн цэрэг дайны хөтөлбөрөө эргэн харж, сүр хүчийг үзүүлэх тактикаас хамгаалалтын тактикт шилжихээс өөр аргагүй болно. Энэ хувилбарыг НАТО хэдийнэ бэлдчихсэн байгаа бөгөөд Украйны мөргөлдөөн улам гүнзгийрвэл хэрэгжүүлэх болно.\
Оросын тойрсон НАТО-гийн блок
Украйнд зэвсэг өгөх үү, эс өгөх үү?
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс, ардчилсан Обама хоёрын дунд Украйнд байлдааны онгоц өгөх асуудлаар ээлжит маргаан өрнөв. Ерөнхийлөгчийн Тамгын газар дайны эсрэг байр суурьтай. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Джош Эрнестийн хэлснээр АНУ Украйны хямралыг энхийн замаар шийдэхийн төлөө ажиллана гэжээ.
Обамагийн хувьд Европын аюулгүйн асуудлыг Брюссель өөрөө шийдэх учиртай гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгч байна. Яагаад гэвэл АНУ-д Сири, Исламын хэт даврагчид, Ираны цөмийн хөтөлбөр, дээр нь Йеменд гарсан шинэ дайн гээд шийдэх асуудал олон бий.
Конгресс Обамагийн эсрэг
Ойрхи Дорнодод хоёр дахь фронт нээгдэв
2014 оны сүүлээр Йемен улсад Засгийн газрын хямралыг далимдуулж “Арабын хойгийн Аль Кайда”-гийн алан хядагчид хүчээ авч шийтийн урсгалын хоситууд газар нутгийн ихэнх хэсгийг эзэлж авав.
2015 он гарснаар байдал улам хурцдав. Нэгдүгээр сарын эцэст ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади, түүний Засгийн газар хоситуудын шахалтаар огцров. Хоёрдугаар сард Йеменийн улс төрийн хүчнүүдийн дэмжлэгийг авсан шийтийн босогчид түр Засгийн газар байгуулав.
Йемений хямрал бол Саудын Арабын өөдөө шидсэн чулуу нь юм.
2011 онд огцорсон ерөнхийлөгч асан Али Абдалла Салехийн талынхан хоситуудтай нэгдэв. Гуравдугаар сард нийслэл Санаас дүрвэсэн Ерөнхийлөгч Хади НҮБ, Арабын хойгийн Зөвлөлд хандаж тусламж хүслээ. 25-26 нд Оман руу дүрвэн гарахыг оролдсон ч хил давуулсангүй. Дараа нь Саудын Арабт очиж туслахыг гуйв. Саудын Арабын шинэ хаан тэр дор нь Египет, Иордани, Пакистан, Судан, Марокко зэрэг Арабын 10 орноос бүрдсэн эвслийн хүчийг байгуулж “Шийдлийн шуурга” нэртэй агаарын цэргийн ажиллагааг эхлүүлэв. Эвслийн хүчинд Оман орсонгүй. Египтын зүгээс хуурай замын цэрэг илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч одоохондоо шийдвэр болоогүй байна.
Саудын Арабын агаарын хүч Санаг бөмбөгдсөний дараа
Саудын Арабыг АНУ, Турк дэмжиж байгаа. Англи, Франц болон зарим нэг Арабын орон тусламж үзүүлэхээс татгалзахгүй. Тэд бүгд Ираныг хоситуудыг дэмжсэн хэмээн буруутгаж байна. Харин Иран, Сири, Ирак гурав “Шийдлийн шуургыг” эсэргүүцэж Саудын Арабыг эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэв. Ираны эрх баригчид шийтүүдийг хамгаалахын зэрэгцээ АНУ-ын анхаарлыг Сирийн мөргөлдөөнөөс шинэ дайн руу чиглүүлэхийг оролдож байна.
Йемений хямрал бол Саудын Арабын өөдөө шидсэн чулуу нь юм. Йемены улс төрийн амьдралыг хяналтандаа байлгах гэж оролдсоноос болж 2011-2012 онд тус улсын төрийн аппарат хямралд орж, үүнийг нь далимдуулж Аль Кайдагийнхан хүчээ авсан юм.