Эдийн засгийг эрчимжүүлэх 50 хоногийг ингэж дүгнэв
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй” гэж дүгнэсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдаас зөвхөн сөрөг хүчний гишүүд асууж, санал хэлэх эрхтэй байдаг. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн асуултыг хариултыг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-100 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж байгаа ажлуудыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ бодит амьдрал дээр амаргүй байна шүү.
Бараа бүтээгдэхүүн үнэ, валютын ханш долоо хоног тутам нэмэгдэж байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал яригдах, бүр санал хураах үеэр зориуд зохион байгуулалттайгаар долларын ханш тэдэн төгрөгөөр огцом буурлаа гэж улс орон даяар гэж зарладаг.
Н.Батбаяр сайд валютын ханш ингэж нэмэгдээгүй бол төсвийн алдагдал 700 тэрбум төгрөгт хүрэх байсан, харин валютын ханш нэмэгдэж байгаа учраас оны эхний таван сард 300 тэрбум төгрөгт хүрсэн гэж Засгийн газар дээрээ ярьсан байна. Гэтэл цаад үлдэгдэл 400 тэрбумын алдагдлыг чинь ард түмэн үүрч байна шүү дээ.
Энэ нь экспортын үйл ажиллагаа эрхэлж хийж байгаа хэдэн компани, Засгийн газарт ашигтай, харин ард түмэнд хүндрэлтэй тусч байгааг анхаарч үзээч гэж санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Валютын ханшийн өсөлтийг Ерөнхий сайд та юу гэж үзэж байна вэ. Монголбанкнаас асуухаар нэг тайлбар хэлдэг, Засгийн газрын гишүүд бас өөр юм ярьдаг. 40 хоногийн хугацаанд дахиад 40 төгрөгөөр өсчихлөө гэж байна.
Харамч айлын эхнэр талхан дээр нимгэн масло тавьдаг шиг юм болж байна.
Та ингээд л явж байг гэж бодож байна уу. Энэ талаар авах арга хэмжээ байхгүй гэсэн үг үү.
Зам нэлээд тавигдаж байгаа ч хэд хоногийн дараа том том нүх гарчих юм. Зам олныг барих гэхээсээ илүү чанартай тавих тал дээр анхаармаар байна. Харамч айлын эхнэр талхан дээр нимгэн масло тавьдаг шиг юм болж байна. Чанаржуулах тал дээр анхаарлаа хандуулна уу гэсэн саналаа хэлсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх н.Болд:
-Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш сүүлийн үед 1820-1825-ын төвшинд хэлбэлзэж байна. Энэ нь оны эхнээс 10 орчим хувиар суларсан үзүүлэлт. Долоо хоногт дунджаар 0.7 хувиар хэлбэлзэж байна гэсэн үг. Өнгөрсөн онд төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 19 хувиар суларсан.
Яг одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар суларсан үзүүлэлттэй байна.
Суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн хүндрэл, түүнээс шалтгаалсан гадаад валютын гадагшлах урсгал, орж ирж байгаа урсгал огцом саарсантай холбоотой. Ажиглагдаж байгаа эерэг хандлага бол гадаад худалдааны алдагдал оны эхний таван сарын байдлаар 200 сая ам.доллар буюу дөрөв дахин буурсан. Үүний цаана импортын орцтой бизнесийн салбар нэлээд агшиж байгаа нь харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, хувийн хэвшил бие дааж гаднаас эх үүсвэр босгосон тохиолдолд ваюлтын нийлүүлэлт нэмэгдсэнээр төгрөгийн ханш долларын эсрэг тогтвортой байх нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж харж байна. III улирлаас эхлэн эдийн засагт экспортын орлогоос үүдэлтэй валютын урсгал нэмэгддэг. Хоёрдугаар хагас жилийн дүр зургийг эхний хагас жилийнхээс арай эерэг болно, энэ нь валютын зах зээлд нөлөөлөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Эдийн засгийг эрчимжүүлэх талаар хийж байгаа ажилдаа хэр зэрэг зөв онош тавьж байна вэ гэдгээ нягталж байна уу. 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш харсаар байтал валютын ханш өдөрт нэг төгрөгөөр нэмэгдсээр, томоохон компаниуд 200-300 ажилтнаа чөлөөлж, дундаж компаниуд 20-30 ажилтнаа халлаа. Нэлээд компани үүд хаалгаа барьчихлаа. Бодитой үр дүн өгдөггүй юмаа гэхэд бизнес эрхлэгчдэд боломжийн байдал бий болох нь сигнал өгөх эсэхэд эргэлзээтэй байна. Эхний таван сарын байдлаар төсвийн орлого 396 тэрбум төгрөгөөр тасарсан.
Томоохон компаниуд 200-300 ажилтнаа чөлөөлж, дундаж компаниуд 20-30 ажилтнаа халлаа
Сангийн сайд нь болохоор өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй байна гэх юм. Гэвч 2013 оны турш 400 тэрбумаар тасарч байсан бол одоо эхний таван сарын байдлаар үүнтэй ижил үзүүлэлттэй явна. Эдийн засаг сайжирч байгаа гэдэг, гэтэл тоо нь муудаж байгаа байдал ажиглагдаж байна. Одоо бол улсын хэмжээнд бүтээн байгуулалт хамгийн эрчимтэй өрнөж байх ёстой үе. Эхний таван сарын байдлаар 637.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил улсын хэмжээнд хийгдсэн байх ёстой.
Гэтэл 221,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. Баталсан төсвийн гуравны нэгийн ажил нь хийгдэж мөнгө нь санхүүжигдсэн, гуравны хоёр нь тодорхой ажил эхлүүлээгүй байна. Орон нутгийн аж амьдрал хүнд байна гэсэн мэдээлэл ирж байна. 21.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг орон нутагт үзүүлэх ёстойгоос 12 тэрбумыг л өгсөн байна. Нааштай үр дүн харагдахгүй байна. Энэ асуудалдаа яаж хандаж байна гэж асуух гэхээр Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нар хуралдаа ирдэггүй.
Ерөнхий сайд нь болохоор өнгөрсөн хоёр жил өмнөх Засгийн газар гэж хэсэг аргацаасан, одоо юм л бол УИХ руу бухах шинэ сэдэвтэй болсон нь ажиглагдаж байна. Намрын чуулганы үеэр Засгийн газраас өргөн барьсан 10 хууль, тогтоолын төсөл буцсан. Хяналтын тухай хууль хоёр удаа буцсан, гурав дахь удаа нь гишүүд оруулж ирлээ. Тэгсэн хэрнээ УИХ асуудал шийдэж өгөхгүй байна гэсэн юм ярих юм. Оруулж ирсэн болгоныг чинь шууд кноп дарж дэмжихгүй шүү дээ. Энэ гишүүд чинь орон нутагтайгаа холбоотой, аль болох сайжруулах талын л юм бодно. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ. 100 хоногт хийж байгаа ажлаа тайлагнаж байгаа энэ хэдэн залуучууд улс орныхоо асуудлын нарийн ширийнийг мэдэж байгаа юм уу, үгүй юу.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Монголын нийгэм эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг л хүлээгээд байна. Та төмөр замд мөнгө өгөхгүй гэлээ. Үндэсний компаниуд хийж байсан ажлыг булааж авчихаад яагаад одоо ийм мэдэгдэл хийж байгаа юм бэ. Төмөр замыг барих ажлыг төр булааж авснаас өнөөдөр зогсонги байдалд байгаа юм биш үү.
Ханшийн уналт зогсох уу, эдийн засаг тогтвортой болох уу, цалин, тэтгэврийг нэмэх үү гэдгийг л иргэд хүлээж байна. Ус, цахилгаан, дулааны үнийг нэмнэ л гэнэ. Үүнийг олон түмэн тэсэх үү. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт унаад, монголчуудад итгэхгүй болчихоод байна вэ.
Хоёрхон жилийн өмнө эдийн засгийн өсөлт маань дэлхийд гайхагддаг байсан. Одоо бол зүүд зэрэглээ шиг болж. Түрүүн ярилаа. Машин унах эрхгүй 220 албан тушаалтанд 20 тэрбум төгрөгөөр 197 машин авсан байна.
Өр яагаад үүссэн бэ гэхээр таны дүү охин, Дэнзэнгийн эхнэр 4.8 тэрбум төгрөгөөр дөрвөн талт хашаа зарчихсан байх юм.
Энэ чинь 20 цэцэрлэг барих, царцсан 20 объектийг босгох мөнгө. Гэтэл та нар бид жижиг сажиг асуудалд орохоо больсон гэх юм. Төсвийн мөнгийг ямар үр ашиггүй, дур зоргоороо зарцуулж байна вэ. Гэтэл та үүнийг өөгшүүлээд сууж байх юм.
Бидний гол найдлага бол экспортоо нэмэгдүүлэх. Нүүрсний уурхайнууд ямар байдалтай байгааг Ерөнхий сайд та мэдэж байгаа юу. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр нь 850 тэрбум болоод нэмэгдчихэж. Өр яагаад үүссэн бэ гэхээр таны дүү охин, Дэнзэнгийн эхнэр 4.8 тэрбум төгрөгөөр дөрвөн талт хашаа зарчихсан байх юм. 17 тэрбумын тендер авч байсан нэг тэрбумын үнэлгээтэй компанийн нөгөө хашаа нь яахаараа 4.8 тэрбум болоод энэ компанид шахагдсан байдаг юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү. Та турж үхэх гээд байна уу.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Бондын 1.5 тэрбум ам.долларын үлдэгдэл 1.6 их наяд төгрөг байна. Нэг их наядыг нь үйлдвэржүүлэх хөтөлбөрт оруулахаар болсон. Бид засгийн эрх аваад төмөр замыг “MCS” гэдэг компаниас булааж аваагүй. Хаа гуяар нь салгасан байхаар нь төмөр замыг нэгдсэн байдалтай болгоё гэсэн. Тэр компани олон улсын зах зээл дээрээс мөнгө босгож л барина. Тэр хүмүүс оруулсан хөрөнгөөрөө тодорхой хувиа эзэмшээд явж байгаа. Бондын мөнгийг солгой төмөр замд өгөх эсэх нь асуултын тэмдэг.
УИХ-ын Ж.Эрдэнэбат
Цаашид төсвийн төлөвлөлт дээр анхаарах хэрэгтэй. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан маш олон зөрчлүүд аудитын дүгнэлтээр гарч иржээ. Тухайлбал, Төсвийн ерөнхийлөн захирагч нар арилжааны банкуудад хууль бус дансууд нээж, гүйлгээ хийдэг. Үүн дээр сангийн яам хяналт тавьсан зүйл байна уу. Уг нь Сангийн яамнаас зөвшөөрөл авч байж гүйлгээ хийдэг байх ёстой. Мөн авлага үүсгэсэн байна. Энэ нь Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэнд зүгээр нэг өгч байгаа хэрэг. Орон нутагт 26 тэрбум, БСШУ сайд гэхэд 15 тэрбум, Уул уурхайн сайд 15 тэрбумаар өмнөх авлагаа өсгөсөн байна. Чингис бондыг яагаад тайлан, бүртгэлдээ тусгахгүй яваад байгаа юм бэ?