Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив
2014.04.23

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны хугацаанд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

2014 он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай болж буй. 

Нэг. Тогтоол төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлаас  тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна.

2013 оны инфляцийн түвшингийн зорилтыг хангахад ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсан нь сөргөөр нөлөөлсөн. Энэ нь он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах нь чухал байна.

Хоёр. Тогтоолын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Тогтоолын төсөл нь 2 заалттай бөгөөд 1 дэх заалтад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 төрлийн арга хэмжээг, 2 дахь заалтад тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгахаар тус тус заана.          

Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Тогтоолын төсөл батлагдсанаар эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах холбогдох хууль, шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, уг шийдвэрийг хэрэгжүүлснээр валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг бууруулан улмаар эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах нөхцөл бүрдэх юм.

Мөн хөрөнгө оруулалт, валютын дотогш чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх үндэс суурь болох ач холбогдолтой юм.

Дагаж нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль, тэдгээрийн үзэл баримтлал, агуулга, зарчимтай бүрэн нийцнэ.