Ерөнхий сайд УИХ-ын чуулганд оролцоогүйд гишүүд шүүмжлэлтэй хандав
УИХ-ын гишүүн М.Энхболд, Ж.Энхбаяр
2014.04.25

Ерөнхий сайд УИХ-ын чуулганд оролцоогүйд гишүүд шүүмжлэлтэй хандав

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Эдийн засгийн чухал асуудалд Ерөнхий сайд байхгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.

Ж.Энхбаяр  гишүүн байр сууриа илэрхийллээ

Эдийн засагт бий болоод байгаа асуудлыг шийдэх асуудал бол хамгийн шийдэх ёстой онцгой, чухал асуудал байх ёстой. Засгийн газар нь Ерөнхий сайдаасаа эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ УИХ-ын энэ хуралдаан дээрээ суугаад эдийн засагт болоод байгаа бэрхшээлүүдээ гаргаж тавиад, шийдвэрлэх арга замуудыг ярилцах болов уу гэтэл Ерөнхий сайд нь ч алга. Албан тушаалтайгаа , “давхар дээлт”-тэйгээ үлдэх л чухал байгаа юм байна. 7 хоногийн өмнө “давхар дээл”ийн асуудлыг хэлэлцэхэд энэ танхимд сайд нар багтаж ядан, бүгд цугларсан шүү дээ. Үнэхээр эрх баригчид маань энэ нөхцөл байдлыг ойлгохгүй л байгаа юм байна гэсэн бодол төрж байна.

Эдийн засаг сайн байхад ард түмний худалдан авах чадвар 40 хувь унаад, Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үндэсний мөнгөн дэвсгэрт болж дэлхий нийтэд зарлагдаад л , цалин тэтгэвэр нэмэгдэхгүй,  улсын төсөв нь бүрдэхгүй, санхүүжилтүүдээ хийж чадахгүй байхад эдийн засгийн өсөлт гэж тоо гаргаад хэнд хэрэгтэй юм бэ? Тэтгэвэр буухаар хоёр тор  хүнс авдаг байсан тэтгэврийн хөгшин өнөөдөр нэг тор л хүнс авч байна. Гурван тор хүнс авдаг болчихвол л эдийн засаг өсчихлөө гэж ярьж болмоор.  Аль ч Засгийн газрыг ард түмнийхээ халаасанд үлдээсэн төгрөгөөр л хэмжих байна.

М.Энхболд байр сууриа илэрхийлэв

Энэ асуудалд Засгийн газрын тэргүүн өөрөө анхаарал тавьж, ач холбогдол өгч, гишүүдийн байр суурийг сонсож, асуултад хариулт өгөх ёстой байсан. Гэтэл гишүүд асуулт асууя гэхээр Ерөнхий сайд нь байхгүй байна. Улс орны эдийн засгийн асуудал ерөөсөө ганцхан эдийн засгийн сайдын асуудал юм шиг хандаж байгааг буруу гэж үзэж байна. Өнөөдөр бид хямралын нөхцөл байдал бий болчихлоо, болоогүй байна гэж маргалдаж суух цаг биш.  Улс орны гол гол үзүүлэлтүүд ийм байдалтай  болчихлоо гэдэг дээр нэг ойлголттой болж, хүлээн зөвшөөрөх  хэрэгтэй. Иргэд олон түмэнтэй уулзах хэрэгтэй.  Орхон, Хэнтий аймагт явж байхад Ерөнхий сайд иргэдтэй уулзалгүй явсан гээд надаас нэхэх юм. Зөв зүйтэй ажлуудыг бид дэмжинэ. Гэтэл бий болж байгаа нөхцөл байдлыг дандаа буруу тайлбарлаж байна.

...