Тэвчиж болох зардлыг 10-30 хувиар бууруулна гэв
Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.05.07

Тэвчиж болох зардлыг 10-30 хувиар бууруулна гэв

УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж дууслаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ц.Оюунбаатар гишүүн ““төсвийн хөрөнгийн урсгал зардлыг 20 хувиар бууруулах” гэсэн арга хэмжээ нэмэх.” гэсэн санал гаргасан байсныг олонхи гишүүн дэмжилгүй унагав.

Учир нь өнгөрсөн даваа гаригт Сангийн сайд УИХ-ын даргад 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан бөгөөд энд 30 хүртэл хувиар бууруулхаар оруулж ирсэн байгаа ажээ.

Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар гишүүн байр сууриа илэрхийллээ

Төсвийн тодотгол орж ирчихсэн  байна. УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн.  УИХ-аас гаргасан шийдвэр хэрэгждэггүй учраас энэ асуудал дахин дахин орж ирж байна. Тэвчиж болох зардал гэж юуг хэлээд байна вэ? Хамгийн наад зах нь төрийн албан хаагчдын орон тооны асуудал байна. Сангийн яамны гаргаж өгсөнөөр 2014 оны 01 сарын 01-ны байдлаар төрийн албан хаагчдын тоо 180150 болсон байна. 2008 онд 140258 байсан, сонгуулийн дараа 2012 оны эцсээр 162 мянга  байсан. Гэтэл улсын төсвөөр цалинжиж байгаа албан хаагчид өнөөдөр 20 мянгаар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн урсгал зардал, цаомн тэтгэвэртэй холбоотой ганц ч хэмнэлт хийсэн зүйл байхгүй байна. Тиймээс УИХ энд тодорхой зүйл оруулж ирээч ээ. 2009 онд хэмнэлтүүдийг хийж байсан. Сангийн яам чиглэл өгөөд хийж болдог юм байна лээ.

Сангийн сайд Ч.Улаан хариулав

УИХ зарим урсгал зардлыг 10-30 хувиар хямдруулж, төсвийн тодотголд өргөн барь гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлээр ажиллаж төсвийн тодотголыг  өргөн барьсан. Энд бид тэвчиж болох зардлыг 10-30 хувиар хорогдуулах саналыг өргөн барьсан.