Эдийн засгийг эрчимжүүлэх тухай биш эдийн засгийн хямралаас гарах тухай ярих хэрэгтэй  гэв
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар
2014.04.25

Эдийн засгийг эрчимжүүлэх тухай биш эдийн засгийн хямралаас гарах тухай ярих хэрэгтэй гэв

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Б.Бат-эрдэнэ асуулт асуулаа

Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ажлын хэсэг байгуулж, энэ тухай нилээн сайн нухацтай ярилцсан. Энэ асуудлыг ажил хэрэгч байдлаар, их үнэн бодитой ярилцлаа гэж Би ойлгосон. Гэтэл яг УИХ-ын тогтоол болоод ороод ирэх дээ өнөөдрийн эдийн засагт үүссэн хямралыг даван туулах арга хэмжээний тогтоол болж чадахгүй байна гэж үзэж байна.

Өнөөдөр улсын гадаад хөрөнгө оруулалт 70 хувь буурчихлаа, өмнөх Засгийн газрын хүлээлгэж өгсөн валютын нөөцийн талаас илүү хувийг нь үрчихлээ. Бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь нэмэгдчихлээ, Мөнгөний худалдан авах чадвар 34 хувиар буучихлаа. Хоёр жилийн хугацаанд  цалин тэтгэврийг огт нэмээгүй гэж хэлж болно. Үнэхээр эдийн засгийг эрчимжүүлэх тухай  асуудал биш эдийн засгийн гүнзгий хямралаас яаж гарах вэ гэдгийг бид авч үзэх ёстой байна. Бүх зүйл сайн сайхан байгаа юм шиг худлаа ярьж болмооргүй байна. Энд тусгагдсан хамгийн ноцтой асуудал бол Төрийн өмчит компани дахиад байгуулахаар ороод ирж. Монголын баялгыг тэр чигээр нь нэг компанид шилжүүлэхээр тусгажээ.

Н.Батбаяр хариу: Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. 2007-2011 онд өссөн. 2011 оноос эхлэн буурч эхэлсэн.  2006 онд гэнэтийн ашгийн хуулийг баталсан. Яагаад гэвэл тэр үед зэсийн үнэ 4000 доллароос 8800 болж хоёр дахин өссөн. Түүнтэй адилхан нүүрс, төмрийн үнэ өсчихсөн юм. Тэр эрчээрээ явсаар байгаад 2011 онд  очоод буцаад буурч байгаа юм. Тиймээс Монголд дэлхийн зах зээлийн нөлөөлөл шууд нөөлөөтэй. Гэхдээ би үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн тулд төмөр зам болон бусад асуудлаа шийдээд явъя гэж энэ асуудалд оруулж ирсэн.

Я.Содбаатар гишүүн санал хэллээ

Эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг нэрээсээ эхлээд л оношоо буруу тавиад байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг бол хямралын байдалд орчихсон. Тиймээс бид энэ хямралын байдлаас эдийн засгийг яаж гаргах, хэрхэн сэргээх вэ, зогсоох вэ гэдгээ шийдэх ёстой. Эхнээсээ онош буруу учраас авах арга хэмжээ ч ойлгомжгүй харагдаж байна. Нөгөө талдаа энэ авах гэж буй 23 арга хэмжээнд бодлогын хувьд зөрчилтэй зүйл байна. Олон улсын байгууллага, мэргэжлийн хүмүүс бидэнд хэлж байгаа шүү дээ. Энэ хямралд хүргээд байгаа нэг зүйл бол эдийн засаг дахь төрийн оролцоо их байна гэж. Ийм компани байгуулах хэрэг байна вэ. Мөн цаана казино байгуулах санаа агуулсан асуудал байна.  Мөн дахиж зээл авъя, өр тавья гэж байна. Энэ бүхэнтэй  санал нийлэхгүй байна. Хямралаас гарах эхний алхам бол төвийн тодотголоор танах арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн татварын шинэчлэлийн бодлогыг яаралтай оруулж ирээч.